Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ном уншихгүй байх аргагүй 5 ШАЛТГААН

Б.Ану
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
REUTERS/Leonhard Foeger

Тогтмол ном унших зуршил нь хүний эрүүл мэнд болоод бусад олон зүйлд эерэг нөлөөлдөг болох нь батлагдсан зүйл юм.

Эдгээр батлагдсан үр дүнгээс тавыг нь онцлон хүргэж байна.

Нэг. Тогтмол унших зуршил нь урт наслахад тусална

Ном уншдаг хүн нас, хүйс, боловсрол, эрүүл мэндээсээ үл хамаарч ном уншдаггүй хүнээс дор хаяж хоёр жилээр урт насалж байгааг Йелийн их сургуулийн судалгаа баталсан байна. Ингэхдээ энэ давуу тал сонин уншигчдад төдийлөн ажиглагдаагүйг дурджээ.

Мөн судалгаанд ном шимтэн уншигчид нь өөрсдийн сэтгэл санаа, оюун ухаан, танин мэдэхүйг дэмжих замаар амьд үлдэх чадвар нь сайжирч байдаг гэсэн байна.

Хоёр. Уламжлалт хэвлэмэл номууд үнэ цэнэтэй хэвээр байна

Зарим судалгаагаар оюутан, суралцагчдыг дижитал эхээс илүү хэвлэмэл буюу цаасан дээрээс уншсан зүйлээ илүү сайн ойлгодог болохыг баталжээ.

Норвегид хийсэн судалгаагаар хичээлээ дижитал хэлбэрээр уншдаг оюутнуудаас хэвлэмэл ном, судалгааны материал уншдаг оюутнууд шалтгалтандаа илүү оноо авсан байна.

Тиймээс хэрэв та ном шимтэн уншигч эсвэл ном унших зуршилтай болохоор мэрийж буй бол хэвлэмэл буюу цаасан номыг түлхүү сонгох нь илүү үр дүнтэй байх нь.

Гурав. Орчин цагтайгаа хөл нийлүүлэх, ирээдүйд “амьд” үлдэхэд тань тусална

Номоор хүрээлүүлсэн орчин бүрдүүлэх нь боловсролд тэмүүлэхэд түлхэц болдгийг зарим судалгаа баталсан байна.

Судалгаагаар гэртээ номын сантай насанд хүрэгчдийн асуудал шийдвэрлэх чадвар өндөр байгаа нь батлагджээ.

Тэгвэл орчин үед болоод ирээдүйд асуудал шийдвэрлэх гэх мэт ур чадвар (soft skills) нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй үзүүлэлт байхыг олон судалгаа баталдаг.

 

Дөрөв. Баялаг үгсийн сантай болно

Ном унших зуршил хүний сэтгэл санааг дэмжих, танин мэдэхүйг сайжруулах, мэдрэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ таны үгсийн санг баяжуулсаар байдаг.

Үгсийн сан баяжих нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх чадамж нэмэгдэхэд нөлөөлөх зэрэг олон давуу талтай.

Түүнээс гадна Оксфордын их сургуулийн нэгэн судалгаагаар үгсийн сангийн зөрүүтэй байдал буюу үгсийн сан багатай сурагчдын сурлагын явц удаашралтай байдгийг нотолсон байна.

Судалгаанд хүүхэд, багачуудын үгсийн санг нэмэгдүүлэхийн тулд гэртээ, сургуульдаа ном уншлагыг чанга дуугаар хийх, номын агуулгын тухай ярилцах, хүүхдийг бие даан уншуулах дадалд мөн суралцуулах нь тус болдог талаар дурджээ.

Тав. Зөнөгрөлтөөс урьдчилан сэргийлнэ

Тархи, оюунаа идэвхтэй ажиллуулах нь оюуны хомсдлоос сэргийлэх нэг хүчин зүйл болдог тухай Альцгеймерийн Нийгэмлэг мэдээлсэн байна. Тус байгууллагын зөвлөж буйгаар та оюун ухаан, тархиа идэвхтэй ажиллуулахын тулд элдэв сорилт, бэрхшээлтэй ном уншиж байх нь зохимжтой гэж зөвлөсөн байна.

Тус нийгэмлэгийн сайтад бичсэнээр та тархиа дасгалжуулж, оюунаа сорьж байх нь оюуны элдэв саатал, өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн даван туулахад тус болно гэжээ.

 

Эх сурвалж: WEF