Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн нь маш том урьдчилан сэргийлэх ажил болсон

Г.Батзориг, Өдрийн сонин
2019 оны 8 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

-Авлигын гэмт хэрэгт шүүхээс ял авчихаад би буруугүй байсан гээд ардын баатар шиг юм яриад явж таарахгүй-

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүүтэй ярилцлаа.

-Саяхан цацсан бичлэгтэй холбоотойгоор нийгэм ихээхэн шуугьж байна. Авлигад асар их хэмжээний мөнгө авсан боловч хэдхэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн энэ мэт үйлдлүүд нь олон хүний дургүйцлийг хүргэлээ. Уг бичлэгийг цацах болсон шалтгаан нь юу вэ?

-Эрүүгийн тухай хуульд зааснаар авлигын 10 төрлийн гэмт хэрэг байгаа. Албан тушаалаа урвуулах, хахууль авах, өгөх гэх зэргээр дурдаж болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга барилаас хамаараад баримтжуулж буй нотлох баримтууд янз бүр.

Сая нийгэмд цацсан бичлэгийн хувьд хахуульд авсан мөнгөтэйгөө үйлдэл дээрээ баригдсан асуудал юм. Үүнээс гадна авлигын мөнгөө банк санхүүгийн байгууллага, олон улсаар дамжуулах зэргээр хэлбэр дүрсийг нь өөрчлөөд явдаг асуудлууд бий.

Албан тушаалаа урвуулж байгаа асуудлууд дээр зөвхөн бэлэн мөнгөнөөс гадна гарын үсэг, баримт бичгүүдээр баталгаажуулдаг гэх зэргээр тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн онцлогоос хамаарч маш олон төрлийн баримтаар нотлогддог гэсэн үг.

Ер нь энэ бичлэгийг харуулж байгаагийн нэг зорилго бол нийгэмд маш том урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байгаа хэлбэр юм. Сүүлийн үед нэг хандлага ажиглагдаад байгаа нь гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, бүр шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс хүртэл өөрсдийгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гэм буруугүй гэж зарлаж байна.

Өөрсдийгөө хэлмэгдсэн, улс төрийн золиос боллоо гэх зэргээр нийгэмд худал мэдээлэл түгээх болсон. Энэ нь эргээд нийгэмд маш эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Тиймээс ингэж цочроо өгөхгүй бол болохгүй байсан.

Бид төрийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт сурталчилгааг маш их хийсэн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хугацаанд буюу өнгөрсөн хоёр жилд 25 мянга орчим төрийн албан хаагчийг сургалтад хамрууллаа. Сургалт, сурталчилгааны ажил хангалттай явагдсан. Гэвч байдал өөрчлөгдөхгүй байгаа учир бид иймэрхүү асуудлуудыг гаргаж тавьж байгаа юм. Энэ бол шүүхээр шийдвэрлэгдсэн хоёр хэргийн жишээ.

Ер нь манайд авлигын хэргүүд иймэрхүү хэмжээнд баримтжуулагдсан байдаг. Өөрсдийгөө хэлмэгдсэн. гэм буруугүй гээд зарлаад яваа хүмүүст энэ асуудал хамааралтай Мөн авлигын гэмт хэрэг үйлдэх сэдэл. зорилго агуулж байгаа хүмүүст ч энэ хэрэг хамааралтай гэдгийг сануулъя.

-Ер нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа зарим хэрэгт улс төрийн “том"-чууд нөлөөлөх оролдлого хэр их гардаг вэ. Дээрх үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нөлөөлөх гэж оролдож байгаа нэг үйлдэл гэж үзэж болох уу?

-Авлигатай тэмцэх газар бол бие даасан, хараат бус, төрийн тусгай байгууллага юм. Гэтэл тодорхой ашиг сонирхол бүхий хүмүүс АТГ-т шалгагдаж байгаа, шалгуулсан хүмүүс бүгд гэм буруугүй байтал Авлигатай тэмцэх газар л хүнийг аваачаад хэлмэгдүүлээд, улс төрийн зорилгоор ажиллаад байдаг юм шиг мессежүүдийг ард түмэнд өгөөд байна.

Ингэхээр ард түмэнд нээрээ тийм юм байх даа гэсэн хандлага бий болоод эхэлж байгаа юм. Авлигатай тэмцэх газарт итгэх олон нийтийн итгэл алдагдаад байх тусам хэн хожих вэ гэвэл “авлигачид” буюу гэмт хэрэгтнүүд л хожоод байна шүү дээ.

Гэтэл тэд маш олон хүний боломжийг үгүй хийж, эрх чөлөөг хязгаарлаад.бидний ирээдүйг хулгайлж, улс төрийн албан тушаалаа мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаад явж байгаа нь хэр зөв юм бэ. Энэ өнцгөөс нь бид харж асуудалд хандах ёстой.

Манайх мөрдөн шалгадаг байгууллага болохоос гэм буруутайг тогтоодог газар биш. Гэтэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэр нь үгүй гээд гүрийж байна. Энэ нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахын. тулд хөндлөнгөөс нөлөөлж байгаа нэг хэлбэр юм.

Товчхондоо албаар биднийг муухай харагдуулах сонирхол их байна гэсэн үг.

-Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн боломж нь байгаа биз дээ?

-Хууль эрхзүйн хувьд боломжтой.

-Танайд авлигын хэргийг шалгах дундаж хугацаа ямар байна вэ. Ер нь хоёр хүний хооронд маш нууцлагдмал байдлаар өрнөдөг тул авлигын хэргийг илрүүлэх, улмаар нотлох баримт цуглуулах үйл яваад нэлээн цаг хугацаа ордог гэдэг?

-Дундаж хугацааг ярихад хэцүү. Ер нь авлигын хэрэг их онцлогтой. Цагаан захтнуудын, гэмт хэрэг юм. Нотлох баримтууд нь цаасан дээр л үлддэг. Маш нууц далд аргаар үйлдэгддэг. Хахууль өгч, авч байгаа хоёрхон этгээдийн дунд болдог гэх зэргээр нарийн төвөгтэй олон асуудал бий. Гэхдээ ул мөр заавал үлддэг.

Энэ нотлох баримтуудыг бэхжүүлж авах, хуулийн дагуу тухайн этгээдийн гэм буруутайг нотлох, дээрээс нь мөнгө төгрөгийн гарал үүслийг тогтоох, хаашаа орсон гэх зэргээр шалгаад явахаар хэргийн цар хүрээ асар өргөн болдог. Тийм учраас хугацаа нэлээн орно.

Хоёрдугаарт, илэрч буй асуудал дээр ч бэрхшээл байгаа шүү дээ. Тэр дороо илэрдэггүй. 1-2 жилийн дараа гэх зэргээр тодорхой хугацааны дараа илэрнэ. Тэгээд шалгаад явдаг. Тийм учраас цаг хугацаа их ордог гэж ойлгож болно.

-Танайд шалгагдсан хэрэг прокурор руу шилжинэ. Энд мөн тодорхой хугацаа өнгөрнө. Улмаар Шүүх рүү шилжиж шийдвэр гарах хүртэлх хугацааг нэмбэл авлигын хэрэгт цаг хугацаа их орох нь ээ. Мэргэжлийн хяналтын дарга нар, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Р.Онон зэрэг хүмүүсийн тухайд гэмт үйлдэл нь илэрсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг*нь хэрэгсэхгүй болсон шүү дээ?

-Тийм.

-Танай дээр шалгагдаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон хэргийн тохиолдол бий юү?

-Байхгүй. Манай дээр шалгагдаж байгаа л бол хөөн хэлэлцэх хугацаандаа байна гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал манайх шалгах үндэслэлгүй болно.

-Авлигын гэмт хэргийн улмаас он гарснаас хойш хагас жилийн байдлаар 11 их наяд 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай мэдээлсэн. Маш өндөр дүн сонсогдож байна. Хохирлыг хэрхэн тооцож байгаа вэ?

-Манайд шалгагдаж байгаа авлигын хэргийн хэмжээнд тооцож гаргасан, бодитой мөнгөн хэлбэрээр учирч байгаа хохирлын дүн юм. Ер нь авлигын хор уршиг зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэхгүй. Үүний цаана алдагдсан боломжууд, хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, эд хөрөнгө гээд олон асуудал яригддаг.

Энэ мэтээр хор уршгийг бүрэн тооцно гэвэл хэцүү. Тухайлбал, хахууль авч хилээр оруулсан чанаргүй бүтээгдэхүүнээс болж хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохиров гэх зэргээр хохирлыг бодоод үзвэл хэмжих аргагүй.

Зөвхөн хахуульд авсан мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тооцно гэвэл өрөөсгөл юм.

Манайхан сургуулийн удирдлагууд авлига авсан бол жараахай, улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг акулууд гэх зэргээр ялгаж ярьдаг. Гэтэл үүндээ гол нь биш. Ямар ч тохиолдолд цаана нь учруулж байгаа хор хохирол асар их байдаг. Авлигаас болж хэчнээн хүн ямар боломжоо алдсаныг тооцох аргагүй. Нийгэмд хор уршиг учруулж байна шүү дээ, том жижгээсээ үл хамаараад.

-Энэ оны эхний хагас жилд 11 их наяд 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.8 дахин өссөн үзүүлэлттэй байсан. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол яагаад гэнэт ингэж их өсөв өө?

-Сүүлийн үед гарч байгаа хэргүүдийн учруулж байгаа хохирлыг бодитой тооцоод ирэхээр хэмжээ ингэж өсөж байгаа юм.

-Хохирлын хэмжээ өссөн ч хохирол нөхөн төлүүлэлт 27 хувиар буурсан урвуу хамаарал байна. Ер нь хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдээс улс, олон нийтэд учирсан хохирлыг гаргуулж авах чиглэлээр хэрхэн анхаарч байна вэ? 

Жилээр нь харьцуулсан үзүүлэлт шүү дээ. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн тоо өссөн. Мөн хохирол барагдуулалтад их анхаарч ажиллаж байгаа.

Жишээ нь, манайхаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох асуудал дээр Авлигын эсрэг хуулийн дагуу прокурор руу бичиг явуулсан.

Прокурор шүүх рүү хандаж, шүүхээс шийдвэр гарсан байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын газарт шүүхэд төрийг төлөөлөх нэгж байгуулагдаад хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн дунд ийм хандлага байна. Тодруулбал, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өмнө нь төрд ажиллаж байх үедээ өөр олон хүнээс авлига авч амташсан байх магадлалтай. Тиймээс зөвхөн илэрсэн хэргээс нь гадна өмнө нь төрд ажиллаж байсан үеэс нь эхлээд шалгавал маш их зүйл гарч ирнэ. Хариуцлагыг ингэж бүрэн дүүрэн оногдуулах ёстой. Тэгэхгүй бол авлига авч байгаад нэг үйлдэл нь илэрлээ гэхэд тухайн үйлдэлдээ хариуцлага хүлээсэн болоод өмнөх авлигын “ашиг”-уудаа аваад үлдэж байна гэж ярьж байна. Энэ тухай та хариулт өгөх боломжтой юу?

-Өмнө нь мэдэгдэхгүй байгаа хэргүүдийг яах вэ гэж байна гэж ойлголоо. Хэрэв тэгээд яваад байвал энэ хэргүүд чинь шийдэгдэхгүй шүү дээ. Улам их хугацаа шаардана. Чи ганцхан энэ хэргийг үйлдээгүй. Ер нь чи өөр хэрэг хийсэн л байгаа гээд ухаад суугаад байна гэдэг бол буруу ойлголт. Гэхдээ тодорхой хэмжээнд шалга» байгаа шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр гэмт үйлдэл илрүүлж шалгасан тохиолдлууд өнгөрсөн жилийн тайланд олон бий.

-Хясан боогдуулсны улмаас авлига өгөхөөс аргагүй байдалд орсон. Үүнийгээ эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх зохицуулалт хэзээ туссан бэ?

-Энэ нь 2017 оны шинэ Эрүүгийн хуульд туссан зохицуулалт юм. Хахууль авах. өгөх чинь гэмт хэрэг. Албан тушаалтны хясан боогдуулсан үйл ажиллагааны улмаас аргагүй байдалд ороод хахууль өгөөд тэрийгээ эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэсэн зохицуулалт бий болсон. Ингэснээр сая МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг дээр таван хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүү дээ. Шинэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжсэн тохиолдлуудын нэг нь энэ юм.

-Сайн дураараа хахууль өгсөн ч үүнийгээ мэдээлсэн бол хариуцлагаас чөлөөлөх жишиг зарим оронд байдаг юм билээ. Авлига өгсөн нь адилхан хариуцлага үүрдэг болохоор энэ хэрэг улам л нуугдмал болоод байна уу гэж дүгнэх тохиолдол байна. Ер нь авлигын хэргийг илрүүлж, хариуцлага тооцох байдлыг улам бүр нэмэгдүүлэхийн тулд яах вэ гэсэн эрэл хайгуултай холбогдуулж уг асуултыг тавьж байна?

-Авч байгаа нь гэмт хэрэг юм бол өгч байгаа ч мөн гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалтан авах сонирхолгүй байхад нэг нөхөр аваачиж өгчихөөд хүнийг гүтгээд өөрөө зүгээр өнгөрөөд байж болохгүй. Эрүүгийн хуульд ч ийм тайлбар байгаа. Албаар хүнийг гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор, санаатайгаар өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудалд хамаарахгүй гэсэн зохицуулалт бий.

-Хахуульд авсан мөнгөө хэрхэн захиран зарцуулж байна вэ. Бусдын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болгох, олон улсын банк санхүүгийн байгууллагууд руу шилжүүлэх, офшор бүс ч гэж ярьдаг. Энэ мэтээр олон арга байгаа байх. Энэ хөрөнгө болгоныг илрүүлэх боломж хэр вэ?

-Илрүүлэх боломжтой. Жишээ нь насаараа бизнес хийж, шударга хөдөлмөрөөрөө баялаг бүтээсэн хүний хажууд ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, цалингаас өөр орлогогүй атал маш өндөр үнэтэй орон сууцад зэрэгцэж амьдраад, үнэтэй машин унаад явж байвал шударга санагдах уу.

Буруу замаар хөрөнгөжөөд байгаа хүмүүс чинь ичихгүй байна. Өөрөө цэвэр хөдөлмөрөөрөө олчихсон юм шиг нүүр бардам байж, хүмүүсийн дунд инээгээд, баян цатгалангаа гайхуулаад явж байна. Хулгайлаад авдаг юм байж. Тэгвэл тэд хөрөнгөө ашиглах боломжгүй байх ёстой. Үүнд ард түмний оролцоо байх учиртай юм.

Бизнесгүй, цалингаас өөр орлогогүй байж өндөр үнэтэй байранд зэрэгцэж амьдраад байна гэдэг чинь утгагүй асуудал. Бид энэ бүхнийг нь хүлцээд тэвчээд байгаа ч юм шиг. Тэгэх ёстой юм шиг хүлээж аваад байна гэдэг чинь бидний нийгмийн оролцоог харуулж байна. Авлигачид баярхах бус ичих ёстой.

-Та авлигад авсан мөнгөө ашиглах боломжгүй байх хэрэгтэй гэлээ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд олон нийт төрийн албан тушаалтнуудыг сайн хянаж байх хэрэгтэй юм байна?

-Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байна. Цалингаас гадна ямар нэг орлоготой бол тэрийгээ бүртгүүлдэг. Хууль бус орлого олох байдлыг хязгаарлаж орлого, зарлагыг нь хянаж байна гэсэн үг.

Жишээ нь жилд 20-30 саяын орлоготой мөртлөө 500-600 саяар нь байр, үнэтэй машин авсан бол энэ мөнгийг хаанаас олсноо тайлбарлах хэрэг гарна шүү дээ. Энэ нь авлигын хэргээс урьдчилан сэргийлж байгаа бас нэг ажил юм.

Гэхдээ өөрийнхөө нэр дээр худалдаж авахгүй. Ах дүү, хамаатан садан гэдэг юм уу, өөр хүний нэр дээр худалдаж аваад ашиглаад эхэлчихнэ. Тийм тохиолдолд хажуу хавирганд нь байгаа хүмүүс хараад чи ийм үнэтэй машин яаж авсан юм бэ гэдгийг хянаж байх ёстой. Энэ хяналт байснаар тухайн хүн чинь орлогоосоо давсан зарлага гаргаж чадахгүй болно. Хүмүүс хэлчих вий гэж айна. Хууль бус хөрөнгөө ашиглаж чадахгүй байх ёстой.

-Манайхан авлигын гэмт хэргийг мэдээлэх юм бол үйлдлийг нь батлах ёстой гэж ойлгох явдал түгээмэл байна. Тиймээс энэ авлига авсан байж болзошгүй гэж харддаг ч хууль хяналтын байгууллага дээр бөөн чирэгдэл болно, батал гэж шаардана гээд мэдээлэл өгдөггүй юм болов уу гэж анзаарагддаг?

-Заавал батлах ёстой гэсэн зүйл байхгүй. Үүн дээр би хардаж байна гэж өргөдөл гомдол өгч болно шүү дээ. Түүнээс биш та авлигын мэдээлэл өгсөн бол үүнийгээ заавал батлах ёстой гэсэн зүйл байхгүй.

-Олон улсад авлигатай амжилттай тэмцсэн ямар жишээнүүд байна вэ. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн жишээг дурдахгүй юу?

-Хонг Конгийнх хамгийн шилдэг жишээ гэж яригддаг. 1970-аад оны үед гал команд, түргэн тусламж нь ирээд мөнгө өгөхгүй бол галыг нь унтраадаггүй, хүнийг нь эмчилдэггүй байсан.

Одоо бол Хонг Конгчуудын 99 хувь нь авлигыг үзэн ядаж байна. Тэд авлигын тохиолдол гарвал шууд мэдээлэхэд бэлэн байдаг ийм үзэл хандлагатай болсон. Ерөөсөө л авлигыг олон нийт хянадаг байх ёстой гэж яриад байгаа нь энэ. Бидэнд нэг муухай хандлага байна. Бүгд авлига муухай гэж мэдээд байдаг. Гэтэл яг өөрт асуудал тулгарсан үед буруу замаар шийдэх гэж оролддог. Ийм хандлагад дассан байна. .Үүнийг өөрчлөх ёстой.

-Ял завших боломж бүрдээд ирэхээр авлигатай тэмцэх ямар ч ажил үр дүнгүй болдог гэж олон улсын судлаачид хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэргийг илрүүлж, нотлох баримт бүрдүүлж өгөөд байхад гэм буруутай этгээд нь хуулийн цоорхой ашиглаж ялаас мултраад байвал авлигатай тэмцэх ажил бүх түвшинд үр дүнгүй болно. Тэгэхээр хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчны хувьд та юу хэлэх вэ?

-Мэдээж хамгийн төгс хувилбар гэж байхгүй. Тухайн улс орныхоо онцлог, эрхзүйн систем зэргүүдээс хамаараад янз бүрийн хууль эрхзүйн орчин үйлчилж байгаа. Манайд бол хууль эрхзүйн хувьд засаж сайжруулах ёстой зүйл ч бий. Ололттой давуу талууд ч байгаа. Гол нь хариуцлага хүлээдэг байх ёстой. Ингэж байж дараа дараагийн хүмүүст авлигаас урьдчилан сэргийлэх дохио болно.

Яах вэ, хариуцлага хүлээгээд явж байна л даа. Гэхдээ энэ чинь нийгэмд тэгш бус харагдаад байна шүү дээ. Тодорхой хэсэг нь хүлээдэг. Тодорхой хэсэг нь хүлээдэггүй гэх ч юм уу.

Миний ярилцлагын эхэнд хэлсэнчлэн, гэм буруутай нь нотлогдсон, шүүхээс ял авсан атал би зүгээр байсан юм чинь гээд ардын баатар шиг юм яриад яваад байж таарахгүй. Энэ бол хүлээн зөвшөөрч үл болох асуудал. Тэр хүмүүсийн үгийг бид сонсдоггүй байх ёстой.

Түүнээс биш нээрээ хэлмэгдсэн ч юм болов уу, улс төрийн золиос болсон биз гээд өрөвдөөд байж болохгүй. Ичих ёстой биз дээ, тэр хүмүүс.

Зураг