АТГ-аас сар бүр үйл ажиллагааны тайлан мэдээг танилцуулдаг. Энэ удаагийн хурлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан хоёр бичлэгийг дэлгэлээ. Тухайлбал,
Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр "Эрдэнэс тээвэр" ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнд шалгалт хийх үеэр 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.
АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.
Бичлэг 1 үзэх:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэгийг мөн дэлгэлээ. Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ.
АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ.
Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
БИЧЛЭГ 2 үзэх:
Тодорхой хэсэг бүлэг этгээдийн зүгээс тухайн гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд ихээр гарах болсон. хэргийн үйл ажиллагаа, хэргийн явцын талаар худал ташаа мэдээлэл өгсөн ийм үйл ажиллагаанууд гарах болсон учраас шүүхээр шийдэгдсэн зарим хэргийн баримт материалыг ийнхүү нийтэд ил болгож байгаа хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!