Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: Хууль зөрчиж томилогдсон хүмүүстэй баг болж ажиллахгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт улс төрийн шинжтэй, хууль бус томилгоо хийгдсэн талаар тус дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлж, энэ үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа.

Баянгол дүүргийн МАН-ыг улстөржих ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа  "Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловролын салбарт хууль бус томилгоонууд ээлж дараалан хийгдэж байгаагийн нэг нь дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг ажлаас нь чөлөөлсөн явдал юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх тухай заасан байдаг.

Гэвч Улсын баяр наадмын өмнө манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг надтай зөвшилцөлгүй ажлаас нь халсан нь хууль бус хэрэг юм. 

Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.5-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заасан.

Гэтэл Ө.Батжаргал даргад ажлаас нь чөлөөлөх өдрөө л мэдэгдсэн нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Энэ томилгоо нь мөн хөдөлмөрийн тухай хуулийн бусад таван заалтыг зөрчсөн.

Эмнэлэг гэдэг бол өөрөө зөвхөн эмчилгээ, оношлогооноос гадна маш том менежмент шаарддаг. Ө.Батжаргал дарга өнгөрсөн таван жилийн хугацаанд өмнө нь аль ч дүүрэгт хийж чадаагүй 14 эмнэлгийг барьж байгуулснаас эхлээд маш их зүйлийг салбартаа хийж гүйцэтгэсэн. 

Томилгоог НЭМГ-ын дарга Төмөрбаатар хариуцлаг учир Д.Сарангэрэл сайд энэ томилгоог мэдээгүй. Мөн Ө.Батжаргал даргыг маш сайн ажилладаг, түүний ажлыг дэмждэг тухайгаа салбарын сайд илэрхийлсэн байдаг.

Манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг өөр гүйцэтгэж чадах туршлагатай хүн байхгүй. 

Дээрээс нь манай дүүрэгт маш чухал эрүүл мэндийн 63 төслийг эхэлсэн. Оронд нь даргаар ирсэн хүн нь МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д удаа дараа нэр дэвшээд санал авч чадаагүй, улс төрч хүн байна. Үүнээс харахад улс төрийн зорилгоор томилогдсон гэдэг нь тодорхой. 

Үүнээс гадна манай дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг мөн ажлаас нь чөлөөлж оронд нь өөр хүн томилсон. Төрийн албаны хуульд тус томилгоог сонгон шалгаруулалтаар хийх тухай заасан байдаг. Гэвч оронд нь ирсэн хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллахад шалгуурт нь огт тэнцэхгүй. Жирийн багш хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллах боломжгүй.

Манай дүүрэг бол боловсролын салбараараа жишиг дүүрэг. Нийслэлийн Аудитын газраас ч манай боловсролын хэлтэс ямар ч зөрчилгүй гэсэн тайлан жил бүр гаргадаг. Үүнээс үзэхэд түүнийг халах ямар нэг үндэслэл байхгүй.

Боловсрол болон эрүүл мэнд бол хамгийн чухал салбар юм.

Тиймээс эрх мэдэлтнүүд энэ том агуулгыг нь бодож ажиллах ёстой. 

Тиймээс би Баянгол дүүргийн МАН-ыг энэ улстөржих ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна. Бид холбогдох хуулийн заалтын дагуу шүүхэд хандсан. Хууль зөрчиж томилогдсон, дүүргийн засаг даргатай зөвшилцөөгүй хүмүүстэй бид баг болж ажиллахгүй" гэлээ.

Монгол шиг энэ салбараа улстөржүүлдэг орон байхгүй

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Н.Болдбаатар "Баянгол дүүргийн хэмжээнд өмнө нь хүүхдийн эмнэлэг байхгүй байсан. Харин Батжаргал дарга томилогдож ирээд 2013 онд 35 ортой хүүхдийн эмнэлэг, 2015 онд 100 ортой хүүхдийн эмнэлэг, 2017 онд ахмадын эмнэлэг болон 60 ортой хүүдийн эмнэлэг байгуулсан.

Энэ бол зөвхөн барилга байгууламжийн тухай ойлголт биш. Эмнэлэг нээхэд тоног төхөөрөмж, мэргэжилтнийг бэлтгэхээс эхлээд маш их хүч хөдөлмөр гардаг зүйл. Эмнэлгийн үйл ажиллагаа бол маш сайн байсан. Харин дарга солигдсоны улмаас наадмын дараа ажил эхлэхэд цахим дугаарын асуудлаас эхлээд эмнэлгийн үйл ажиллагаанд нэлээд доголдол үүссэн. 

Мөн долоодугаар сарын 18-нд эмч эмнэлгийн ажилтнууд энэ асуудалтай холбоотойгоор хэвлэлд хандсан. Тэд нарыг тухайн ажилтныг ажлаа хийхгүй, үзэл бодлоо илэрхийлсэн гэх байдлаар дарамталж, нэг өдрийн цалинг хассан, сануулга өгсөн байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний мэс заслын тасгийг анх удаа өнгөрсөн онд Баянгол дүүрэг нээсэн. Одоогоор нийт 6,500 хүн хагалгаанд ороод байна. 

Ө.Батжаргал даргын хийсэн бүтээсэн зүйл нь иргэдийн төлөө, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө байсан учраас энэ бол зөвхөн албан тушаалын асуудал биш.

Дүүргийн нийт 240 мянган иргэн, эрүүл мэндийн төвийн 460 эмч эмнэлгийн ажилтны асуудал. 

Эрүүл мэнд, боловсролын салбар нь дэлхийн чиг хандлагат нэгт байдаг. Иймд Монгол шиг энэ салбараа улстөржүүлдэг орон байхгүй" гэв.