Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом биш...

ikon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эмнэлгийн удирдлагыг эмч, эмнэлгийн ажилтнууд дотроосоо томилдог болох нь зөв гэж үзэж буйгаа олон эмч нар илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбараараа улс төр хийж, чадваргүй, мэргэжлийн бус боловсон хүчнээр удирдуулбал чагнуургүй эмчтэй адил л юм болно. 

Сүүлийн жилүүдэд  ажлаа хийж байсан хүмүүсийг хоморголон халж, гудамжинд гаргадаг жишиг тогтоод удлаа. Үүнийг тодруулбал, Улсын их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаалаар  халсан гэнэтийн шийдвэр эмч, эмнэлгийн ажилтнуудыг цочирдуулсан байна. Харин Ө.Батжаргал дарга нь төрийн албаны зарим удирдлагын жишгээр тамгаа авч зугтаж, хуурамчаар эмнэлэгт хэвтсэнгүй. Төрийн одонгоор шагнуулсан албан хаагчдадаа баяр хүргээд ажлаасаа гарсан гэнэ.

Ийнхүү баярын хурлаа ч хийж чадаагүй эмч нар энэ сарын 22-нд хэвлэлийн хурал хийж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр баяр наадмын үетэй давхцуулан хүний ажлын байрыг хууль бусаар авсан үйлдэл нь улс төрийн зорилготой шийдвэр гэж эмч нар хардаж байгаа юм.  

Эмч эмнэлгийн ажилтнууд С.Амарсайхан, С.Одонтуяа, Л.Төмөрбаатар нарт албан бичиг хүргүүлжээ  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон  БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нарт тус төвийн дарга Ө.Батжаргалыг эргүүлэн ажилд нь томилж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг шаардсан албан бичгээ хүргүүлжээ. Баянгол дүүргийн Эрүүл  мэндийн төвийн нийт эмч, ажилтан албан хаагчид гарын үсэг зурж шударга ёсны төлөөх тэмцэлд нэгдэж, эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом биш гэдгийг нийгэм, олон нийтэд сануулан хэлэхийг хүсчээ.

Ө.Батжаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа гэнэ. Өөрөөр хэлбэл, манай эрүүл мэндийн салбарт бугшсан тогтолцооны гажгаар далимдуулж НЭМГ-ынхан, түүний ард үүрэг өгч буй МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг ажилд томилуулж буй нь томилгооноос харагдаж байна. 

БГД-ийн Засаг даргатай зөвшилцөөгүй

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг чөлөөлөх тушаал гаргахдаа НЭМГ-ын дарга хууль зөрчсөн гэх үндэслэлтэй хэмээн эмнэлгийн ажилтнууд үзэж байгаа ч зөрчсөн эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтооно. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаал гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасан “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргатай энэ асуудлаар зөвшилцөөгүй. НЭМГ дарга ийнхүү хууль зөрчсөн. Мөн хэвлэлийн хурал хийсэн дээрх мэдээллийг шэйрлэсэн, коммент бичсэн эмч нарыг дуудаж, нэг өдрийн цалин хасах арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. 

ЭМЯ-ны хэлтсийн даргаас II шатлалын эмнэлгийн дарга...

 

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид эмч нараас шинээр томилогдсон даргын талаар асуухад төдийлөн мэдэхгүй, уламжлалтын эмч, “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан хүн гэсэн юм. Харин сэтгүүлчийн олж авсан мэдээллээр бол шинээр томилогдон ирсэн З.Балдандугар гэх хүн урьд нь “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан төдийгүй сүүлийн гурван сард ЭМЯ-нд хэлтсийн даргын хариуцлагатай ажлыг хийж байжээ. 

Чухам яагаад яамны хэлтсийн даргаас хоёрдугаар шатлалын эмнэлэгт ирсэн нь тодорхойгүй ч сонгуульд нэр дэвшээд унаж байснаас нь харахад улс төрийн зорилгтотой гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэрээр Баянгол дүүргийн 2016 оны сонгуулийн үеэр МАН-аас дүүргийн ИТХ-д VI хорооноос нэр дэвшээд ялагдаж байжээ.

Ө.Батжаргал шүүхэд ханджээ

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шүүхэд хандсан байна. Хэрэв НЭМГ-ын даргын тушаал хууль зөрчсөнийг шүүх тогтоовол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтын дагуу НЭМГ-ын дарга хариуцлага хүлээж, эмч эмнэлгийн ажилчдаас уучлал гуйх болох нь. 

Ө.Батжаргал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг удирдаад сүүлийн таван жилийн хугацаанд том, жижиг нийт 14 эмнэлгийг ашиглалтад оруулж, 22 тасаг нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна. Хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60 аар бид нэмэгдэгдүүлж чадсаныг хэвлэлийн хурлын үеэр эмч нар тайлбарлаж байв. Цахим орчинд ч эмч нар үзэл бодлоо илэрхийлэн давалгаалж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.