Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн билээ. Тус ажилтай холбогдуулан банкуудын хөрөнгийн эх үүсвэр асуудалтай байгаа эсэх янз бүрийн мэдээлэл гараад буй.
Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай долоон банкны нэг болох Капиталыг аргагүйн эрхэнд дампууруулсан тухай ОУВС мэдэгдсэн билээ.
Мэдэгдэл
Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр банкуудын үйл ажиллагаа, тэр дундаа, өөрийн хөрөнгийн дутагдлыг хэрхэн нэмэгдүүлсэн талаар буруу ташаа мэдээллийг тараах боллоо. Иймд Монголбанк банкны системийн тогтвортой байдал, харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэдэгдлийг хийж байна.
Монголбанк ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын хөндлөнгийн зөвлөх компаниар амжилттай гүйцэтгүүлж тайланг хүлээн аваад байна.
Үүний дагуу Монголбанк арилжааны банкуудаас өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх төлөвлөгөөг 2018 оны 1 дүгээр сард, 2018-2020 оны бизнес төлөвлөгөөг 3 дугаар сард хүлээн авч, хянан шалгах, нягтлах, үнэлэх ажлыг бие даан хийсэн билээ. Тус үнэлгээг 2018 оны 5 дугаар сарын эхээр дуусгасан бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал зэрэг банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тогтоов.
Монголбанкнаас эдгээр банканд Банкны тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 12 дугаар сарын эцэс гэхэд шаардсан хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг, даалгавар хүргүүлсэн юм.
Монголбанк үүрэг даалгаврын дагуу өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд шинээр оруулж ирсэн хөрөнгийн гарал, эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцтэй эсэхэд магадлан баталгаажуулах (forensic audit) шалгалтыг эхлүүлээд байна. Тус аудитын хүрээнд Монголбанк олон улсын нэр хүнд бүхий Duff and Phelps Singapore PTE Ltd аудитын компаниас зөвлөх үйлчилгээг авч байна. Магадлан баталгаажуулах шалгалтын үр дүн урьдчилсан байдлаар 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монголбанк банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн цаашид хуулийн хүрээнд шаардлагатай бүх ажил, алхмыг хийж гүйцэтгэх болно.
Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!