Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Бутаны парламентын танхимын эмэгтэй гишүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилладаг"

ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
 

УИХ-ын гишүүн, НББСШУБ хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Бутаны хаант улсын Парламентын төлөөлөгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Бутаны харилцаа, Парламентын түүхийг шинэ шатанд гаргаж анх удаа Бутаны эмэгтэй гишүүд хүрэлцэн ирж байгаад талархаж байгаагаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд илэрхийллээ.

Монголын эмэгтэй гишүүд хэрхэн ажилладаг болон ямар шалгууруудыг даван туулж эмэгтэй гишүүд хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр 13 буюу хамгийн олон эмэгтэй гишүүдтэй энэ удаагийн Их хуралд ажиллаж байгааг онцолж, туршлагаасаа хуваалцсан юм.

 

Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тодорхой ажлуудыг хийж, хуулийн төсөл эмэгтэй гишүүд санаачлан ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа.

Мөн энэ цаг үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлцэгдэж эхэлсэн. Уг төсөлд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал бодол туссан гэдгийг тодотгож байлаа.  

 

Бутан эмэгтэй гишүүдийн хувьд Эмэгтэйчүүд-Манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж, үр дүнтэй чуулган болсныг онцоллоо. Бутаны Парламентын дээд, доод танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилладаг гэлээ.

Монголын Парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харж байна. Та бүгдээс туршлага судалж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Цаашид хоёр улсын эмэгтэй гишүүд нягт хамтран ажиллах болно гэж талууд уулзалтын төгсгөлд онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.