Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Папуа Шинэ Гвиней 10 жилийн дараа дэлхийн хамгийн баян хар арьст үндэстэн болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Жэймс Марапе

Папуа Шинэ Гвиней улсын шинэ ерөнхий сайд улс орноо 10 жилийн дотор дэлхийн хамгийн баян хар арьст үндэстэн болгох зорилт тавьжээ.

Гэвч хүчирхийлэл, авлига энгийн үзэгдэл болсон, цахилгааны найдвартай эх үүсвэргүй, зам харгуй дэд бүтэц муутайгаас хүн ам нь хотуудад тусгаарлагдаж амьдардаг энэ улс дэлхийн 189 орноос хөгжлөөрөө 153 дугаарт бичигдэж байгаа юм.

Гэсэн хэдий ч саяхан ерөнхий сайдаар томилогдсон Жэймс Марапе уг байдлыг богино хугацаанд өөрчлөх зорилт тавьж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр Папуа Шинэ Гвинейг 10 жилийн дотор дэлхийн хамгийн баян “хар арьст, загалмайн шашинт үндэстэн” болгоно гэж амласан байна.

Уг алдрыг одоогоор Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго улс эзэмшиж байгаа. Энэ улсын иргэдийн дундаж орлого Папуа Шинэ Гвинейн иргэдийнхээс ойролцоогоор 833 дахин өндөр юм.

Зорилтоо биелүүлэхийн тулд Папуагийн эдийн засаг ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 30 орчим хувиар өсөх хэрэгтэй болно. Үнэндээ дэлхийн ямар ч улс орны эдийн засаг ийм өндөр өсөлт үзүүлж байгаагүй.

Ингэж өсгөхийн тулд ерөнхий сайд Жэймс Марапе өнөөдөр өөрийнх нь улсад эргэлдэж байгаагаас илүү их мөнгийг олдог болох ёстой.

Папуа Шинэ Гвинейн гол экспорт нь байгалийн хий. Total, ExxonMobil зэрэг том компаниудтай байгуулсан гэрээгээ шинэчлэх замаар шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо нэмэгдүүлж, боловсруулаагүй модыг гадагш гаргахаа зогсоож, авлигыг таслан зогсоох аргаар эдийн засгаа өөд татна гэж Марапе ярьсан байна.

Тус улс 2014 оноос эхлэн байгалийн хийгээ олборлож эхэлсэн ч 2018 онд тохиолдсон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олборлолт нь зогсож, эдийн засаг нь доройтож байжээ. Байгалийн гамшиг, дэд бүтцийн сул хөгжил нь энэ улсыг гадаад зах зээлд эрчим хүчний найдвартай нийлүүлэгч болоход нь саад хийдэг.

Ямартай ч Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд биелэхэд маш хэцүү зорилт тавиад ажиллаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP