Бороо шивэрсэн тавдугаар сарын 24-ний үдэш, Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”. “The Hu” хамтлагийн тоглолтыг үзэх гэж яарах хүмүүсийн цуваа ийшээ урсана. Хөмрөөд тавьчихсан аяга шиг гурван цагаан бөмбөгөрийн гол танхимд тоглолт юу юугүй эхлэх гээд зэхээстэй бол танхимын гадаа “Mongolian Choppers”клубынхан ганган хүлгүүдээ эгнүүлэн тавьж, “The Hu” гэсэн дардастай туг хийсгэх нь сүр жавхлантай гэж жигтэйхэн. Тэдгээрийг зочин бүр харцаараа сонжиж, зоригтой нэг нь дээр нь суугаад зургаа татуулах нь ганган харагдана. Мөн үзэгчид концертын танхимын үүдний хэсэгт өлгөсөн “The Hu” гэсэн зурагт хуудасны өмнө сэлфидэж, түүхийг гэрчилнэ.
“Түүхэн” гэж тодотгож буйн учир нь Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо өмнө хийж буй “Гэрэг” тоглолт тус хамтлагийн анхны бие даасан тоглолт байв. Энд цугласан үзэгчид үндэсний уламжлалт хөгжимөө уран бүтээлдээ ашиглан өөрсдийн урсгал жанараар дэлхийн тавцанд бамбар өргөсөн “The Hu”-гийнханы дахин давтагдахгүй торгон мөчийг хамт мэдэрсэн нь азтай гэхээс өөр юу гэх вэ.
Хүсэн хүлээсэн тоглолт эхлэхэд үүд хавьцаа зогсож байсан “Хүннү рок”-ын үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог хаалгаар гараад одов. Сэтгэл нь дэндүү догдолж, тэсгэл алдахдаа залуусынхаа тоглолтыг өөрөө ч харж чадахгүй байх шиг санагдлаа. Сүүлд нь тэрбээр “Тоглолт эхлэхээр би гараад зүгтчихдаг юм. Энэ тайзан дээр өөрөө дуулчихаад буусан бол хавьгүй амар байхгүй юу” гэсэн. Залуусаа “орхисон” шалтгаан нь энэ л байж. Тэр дэндүү догдолжээ. Арга ч үгүй биз. “Хүннү рок” урсгал, “The Hu” хамтлагийг өдий дайтай гаргаж ирэх гэж сүүлийн гурван жилийг (хамтлаг 2016 онд байгуулагдсан) тэрбээр зарцуулсан билээ. Хамгийн сайхан нь түүний хөдөлмөрийн үр шим болц нь гүйцсэн буудай шиг алтран шаргалтна.
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг бидний олонх нь “Биллборд”-ын шилдэг рок дууны жагсаалт болоод iTunes-т багтсан “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” дуугаар нь мэддэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тоглолтондоо тэд дээрх хоёр уран бүтээлээсээ гадна “Бий биелгээ”, “Учиртай гурав” (ёгт дуу), “Хун ээж”, “Гэрэг”, “Бүсгүй”, “Агаар нэгэн буй”, “Ширгэ, ширгэ” зэрэг 13 дуу дуулж, тайзыг тэсэллээ. Дуу хоорондын завсарлага дундуур хамтлагийн ахлагч Галаа дуунуудынхаа утга учир, болоод юуны тухай өгүүлэн мөнхжүүлж байгааг тайлбарласан юм. Тухайлбал, “Бүсгүйн дуу” нь аян дайнд мордсон эр нөхрөө санан мөрөөдөх бүсгүйн тухай бол, “Хун ээж” нь намрын хяруу унаж халуун орон руугаа буцах болсон ч даль жигүүр нь ургаж гүйцээгүй дэгдээхийгээ сахин үлдэж, хөр цасан өвөлтэй золгож буй хунгийн тухай өгүүлнэ.
Энэхүү дууг сонссон үзэгчдийн зарим нь өөрийн эрхгүй нулимс мэлтэлзүүлэн байсан нь дууны ая аялгуу, хоёр чавхдаст хуурын эгшигээр хэрхэн төгс илэрхийлэгдэж байгааг гэрчилж байв. Харин “Учиртай гурав” нь ёгт дуу бөгөөд энэхүү дууны хэмнэлд танхим тэр аяараа сэргэж, үзэгчид хөл дээрээ бүжлээ.
Ардын Галаа, этник Тэмка, үндэсний Батхүү, хүннү Жааяа, язгуур Жамбаа, өв тээгч Өөнөө, уламжлалт Энкүш, натур хочит Одко нартай монголчууд тун удахгүй дахин уулзах биз ээ. Харин “The Hu”-гийнхан энэ зуныг соёлын дайнд зориулж, европын орнуудыг зорино.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!