Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хамгийн том мах үйлдвэрлэгч Казахстанд хөрөнгө оруулахаар судалж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хамгийн том мах үйлдвэрлэгч болох Tyson Foods компани гадаад зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд Казахстанд хөрөнгө оруулахаар судалж байгаагаа мэдэгджээ.

“Бид Казахстанд зочилж, тус улсын хүнсний салбарын бодлоготой танилцсан. Гэхдээ одоогоор албан ёсны төсөл эхлээгүй байна” гэж тус компанийн төлөөлөгч Лиз Кростон өчигдөр мэдээлсэн байна.

Арканзасын Спрингдэйлд төвтэй Tyson Foods нь үхэр, гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж АНУ-ын болон гадаад зах зээлд нийлүүлдэг.

Тус компани одоогоор Зүүн Европ, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудад бизнесээ нэвтрүүлээгүй байгаа. Tyson Foods компанийг Казахстаны талтай олон тэрбумын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байгаа тухай “Financial Times” өчигдөр мэдээлсэн юм.

Төслийн зорилго нь Казахстаны нутаг дэвсгэрт махны томоохон үйлдвэр байгуулж, Хятадын зах зээлд нийлүүлэх ажээ. Хоёр улс хоорондоо 1,800 орчим километр зурвасаар хиллэдэг.

2018 оны зун Хятадын засгийн газар АНУ-ын үхрийн махны импортод 25 хувийн нэмэлт татвар оноосон юм. Энэ алхам нь хоёр орны хооронд өрнөж байгаа худалдааны дайны нэг хэсэг байв.

Үүний улмаас Хятад руу импортлодог Америк үхрийн махны хэмжээ огцом буурсан юм байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty