Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбат: Нутагтаа хэрэг хийгээд ирсэн хятад хүнийг Монгол Улсын харьяат болгоод байгааг ойлгохгүй байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад ажиллаж буй БНХАУ-ын компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.  

"Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн компаниудыг улсын бүртгэлийн газар бүртгэдэг. Гэтэл бүртгүүлсэн компаниуд нь монголын татвараас зайлсхийн татвараа төлдөггүй. Ялангуяа ашигт малтмал руу орсон компаниудын ихэнх нь татвараа нуун дарагдуулдаг. Монгол ажилчдыг хөдөлмөрийн хуульд заасны дагуу авч ажиллуулдаггүй ба шантаачилж, доромжилж хөөдөг зэрэг асуудлууд газар аваад удаж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Меню Шиши”, “Баян-Ундрах” компани нь Дорноговь аймагт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ уул уурхай, ашигт малтмалын газраас нүүрс олборлох зөвшөөрлийг зурган удаа авсан байдаг. Мөн одоо Налайх дүүрэгт ТЭЗҮ байхгүй шахмал түлшний үйлдвэр бариад, ашиглалтад оруулчихсан явж байна.

Тус компаниуд Монгол Улсын татварын албанд 200 сая төгрөг төлөөгүй гэх баримтуудыг Дорноговь аймгийн татварын албанаас гаргуулж харсан. Компанийн ерөнхий захирал нь монголд ирэхгүйгээр хятадаас ажилладаг. Монголд 1990 оны хятад залуу компанийг нь толгойлдог ба цөөн тооны монгол ажилтантай ихэнхдээ хятадууд авч ажиллуулдаг газар. Үйл ажиллагаа эрхэлдэг аймагтаа ямар нэгэн бүтээн байгуулалт, хандив тусламж ч үзүүлээгүй. Энэ замбараагүй зүйлсийн эсрэг бид нэгдэж, тэмцэх хэрэгтэй төдийгүй тус зөрчилтэй хятад компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг ерөнхий сайд, Ашигт малтмалын газруудаас хүсэж байна" гэж “Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр хэллээ

Монгол нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Монгол Улсын хуулийг яг таг мөрдөх л хэрэгтэй
 
Гэрэл зургийг MPA.mn

"Хатан туулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн Г.Нямдаржаа “Монгол нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Монгол Улсын хуулийг яг таг мөрдөх л хэрэгтэй. Дараагийн нэг жишээ бол Баянгол дүүрэг дэх жишиг “Богд ар хороолол”-ыг барихдаа төлөвлөгөөгөөр бол одоо 3,515 мкв газарт сургууль, цэцэрлэг барих ёстой. Мөн л хятадын компани гүйцэтгэсэн. 2008 онд хэсэгчилсэн төлөвлөгөө ч орсон. Гэтэл одоо болтол сургууль, цэцэрлэг бариагүй, газар нь хэвээрээ байхад хариуцлага тооцохгүй байгаа нь сонин. Энэ компанийн захирал нь Эрдэмбаяр гэж монгол иргэншил авсан хятад хүн бий. Намайг дүү нараараа алуулна гээд заналхийлсэн гэдгийг цагдаагийнхан мэдэгдэж байна" гэв.

Шоронгоос гараад сайн явж байгаа хүмүүс олон
 
Гэрэл зургийг MPA.mn

“Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон хэрэйд Б.Энхбат "Өнөөдөр жирийн монгол иргэн нэг хүний тухай ярихад шоронд хийдэг байж хүн алуулах захиалга өгсөн монгол иргэншилтэй хятадуудын эсрэг хөдлөхгүй байгааг гайхаж байна. Би гарч ирээд хоёр жил хүрээгүй энэ хугацаанд над дээр ирж байгаа хэргүүдийг хараад үнэхээр аймшигтай санагддаг. Нутагтаа хэрэг хийчихээд ирчихсэн хятад хүмүүсийг Монгол Улсын харьяат болгоод байгааг ойлгохгүй байна. Мөн нэг зүйл хэлэхэд УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын иргэдийг алагчилж үзэх ёсгүй.

Нэр бүхий УИХ-ын гишүүн шоронгоос гарсан хүмүүс иргэдийн хөдөлгөөн байгууллаа гээд цоллож байна. Шоронгоос гараад сайн явж байгаа хүмүүс олон. Муу явж байгаа нь ч бий. Монголын шоронгоор дамжсан олон хүн улс орныхоо цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Би гайхаж байна. Яагаад улсын нууцын зэрэглэлд байдаг миний хавтаст хэргийн материалыг хятад кампаниудын захирлуудтай уулзахад олоод авчихсан, намайг сүрдүүлээд явж байгаа юм" хэмээн хэлэв.