Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг дунд үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг ““Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчдийн газрын тэргүүн М.В.Васильев, ОХУ-ын “Бизнес Контакт” ХХК-ний Ерөнхий захирал А.А. Сидоров болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дайв Воусин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О.Р.Меена нар оролцлоо. 

 

Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ,”Бид жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байна” гэлээ.    

 

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцож, энэ удаагийн үзэсгэлэнд нийслэлийн таван дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээл тавигдсантай танилцаж, “Үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр болдог энэ үзэсгэлэн-худалдаа хувийн хэвшлийнхэнд үзүүлж буй бодит дэмжлэг болох нэг арга хэлбэр болж буй”-г онцолж байв. Мөн нөгөө талаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдаг. Энэ утгаар үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сав баглаа, боодлоос эхлээд чанарын хувьд сайжирч байгаа нь сайшаалтай байна гэв.

 
Жижиг, дунд,бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, БНБуриад Улс, БНТува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй ААН, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Гонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцож байна. 

 “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” Олон улсын үзэсгэлэн 5 дугаар сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.