Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхсолонго: Импортын хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өссөн

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 29-30-нд шилжих шөнө шатахууны үнэ литр тутамдаа нэмэгджээ. Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 автобензин 1,785-1,790 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж эхэлсэн байдаг.

Энэ удаа шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхсолонгоос тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар АИ-92 автобензины жижиглэнгийн борлуулалтын үнэ 70-80 төгрөгөөр, АИ-95-98 автобензины үнэ 40-50 төгрөгөөр, дизель түлшний үнэ 30-35 төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Монгол Улсын хувьд газрын тосыг дотооддоо боловсруулдаггүй ба 100 хувь импортоор орж ирдэг тул хилийн үнэ, валютын ханшийн савлагаа зэргээс шалтгаалан шатахууны үнэ хэлбэлзэж, өсөх явдал их байдаг.

2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнийг өнгөрсөн гуравдугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад АИ-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 71 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. Хилийн үнээс шалтгаалан үнэ өссөн хэдий ч ШӨХТГ-аас удирдамж гарган шатахууны энэ үнийн өсөлт нь бодит эсэхийг шалгахаар хяналт шалгалт гарган ажиллаж байна.

Харин тавдугаар сарын хилийн үнэ дөрөвдүгээр сартай харьцуулахад тонн тутамдаа 47 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. Цаашид яахыг мэдэхгүй” гэв. 

Нийслэлийн Статистикийн газраас 2019.04.24-ний өдөр гаргасан мэдээллээр түлш шатахууны үнэ ийм байжээ.

Шатахуун түгээх станц Дизель түлш Аи-95 Аи-92, 93 Аи-76, 80 Газ
Жаст ойл 2,195   1,660 1,630  
Магнай трейд 2,330 2,235 1,780 1,690  
Петровис 2,335 2,235 1,785 1,690  
Сод монгол 2,280 2,180 1,735    
Шунхлай 2,335 2,245 1,785 1,700  
Юнигаз         1,300