Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Тогоо: Энэ цаг үед эмх замбараагүй мэдээ, мэдээллүүд хүмүүсийн оюун ухаан руу урсан орж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
 

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 Уг хэлэлцүүлэг нь улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “Үндэсний ой санамж”-ийг сэргээх талаар онол, практикийн мэдлэгээ солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

 

"Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны удирдах зөвлөлийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо "Эх орны түүх гэдэг ой санамжид заавал тулгуурлах ёстой байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр түүхийн ой санамжаа бүтнээр нь үлдээх, залуу үедээ үлдээх нь улс орныхоо алдсан оносон сургамж түүхийг хуваалцаж, мэдүүлэх үүднээс зохион байгуулж байгаа юм.

Үндэстэн болгон улс орныхоо түүхийг оюун ухаандаа хадгалдаг. Ингэж хадгалсан ой санамжаа эргэн дурсаж, тсуралцах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн бидний амьдарч буй энэ нийгэм цаг үед хүмүүсийн оюун ухаан руу эмх замбараагүй мэдээ, мэдээллүүд ямар ч шүүлтүүргүйгээр урсан орж байна. Тэгэхээр энэ үндэсний ой санамжаа сэргээх гэдэг нь чухал ач холбогдолтой зүйл. Бид цаашдаа хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг хэрэгжүүлээд явахаар төлөвлөж байна” хэмээн хэллээ.  

Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хүргүүлэн ард түмнээ соён гэгээрүүлж Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хадгалан үлдэх зорилгоор “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулагдсан билээ.