Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос цаашдын уулзалтын бүрэлдэхүүнээс Майк Помпеог хасахыг шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Умард Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгч хэвлэлд ярихдаа Вашингтон-Пёньяны цаашдын уулзалт хэлэлцээрээс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хасахыг шаарджээ.

Түүнийг уулзалт хэлэлцээрийн үеэр “дэмий зүйл” ярьж, асуудалд хариуцлагагүй ханддаг тул АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хасах хэрэгтэй гэж яамны төлөөлөгч Квон Жон Гун Солонгосын Төв Мэдээллийн Агентлагт ярьсан байна.

Майк Помпео нь өнгөрсөн онд нийтдээ дөрвөн удаа Пёньянд айлчлахдаа удирдагч Ким Жон Унд бараалхаж байсан юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотод болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөхөд Помпео нөлөөлсөн гэж Квон бас буруутгажээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сенатын дэд хороонд сонсгол хийх үеэр Майк Помпео Умард Солонгосын удирдагчийг “дарангуйлагч” гэж нэрлэсэн нь хоёр орны харилцаанд асуудал үүсгэж байв.

Хорооны гишүүд Помпеогоос Ким Жон Уныг дарангуйлагч гэж тодорхойлж болох эсэхийг асуухад тэр дэмжсэн юм. Өнгөрсөн зун болсон талуудын уулзалтын дараа Пёньяны тал Майк Помпеог "гангстер маягийн" дээрэнгүй зан гаргалаа хэмээн шүүмжилж байв.

Тиймээс хэрвээ дараагийн уулзалт хэлэлцээрт АНУ-ын талаас Помпео оролцвол дахин үр дүнгүй болж, мухардана гэдгийг Умард Солонгосын төлөөлөгч анхааруулжээ.

Ким Жон Ун, Дональд Трамп нарын гурав дахь уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа. Талуудын аль аль нь дахин уулзахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна.

Өчигдөр бас Умард Солонгос цоо шинэ тактикийн зэвсэг туршсан тухайгаа зарласан юм. Энэ нь Вьетнамын уулзалтаас хойш хийсэн анхны зэвсгийн туршилт байв.

Зарим ажиглагчид уг туршилтыг Ким Жон Ун АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн хэлэлцээрийн үйл явцад сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC