Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүдийг үг хэлээр доромжилсон эр ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нью Йорк хотод төвтэй Highline Residential үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани арьс өнгөөр ялгаварласан агуулгатай зүйл сошиал сүлжээнд нийтэлсэн ажилтнаа халах шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд Америкийн алдарт Saturday Night Live шоунд оролцсон юм. Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн зууч Брайан Хьюз твиттер хуудсандаа тэднийг “бүгд 20 гарсан залуус мөртлөө хүүхэд шиг харагдаж байна” гэж бичээд “Ер нь Ази эмэгтэйчүүд эрчүүдээ тоодог юм болов уу?” хэмээн доромжилсон байна.

Түүний бичсэн зүйл BTS хамтлагийн фэнүүд төдийгүй Америк дахь Ази гаралтай иргэдийг нэлээд бухимдуулжээ.

Олон хүн Брайаны ажилладаг Highline Residential компанид хандаж, гомдол гаргасан байна.

Үүний дараа тус компаниас өөрийн твиттер хуудсанд уучлал гуйсан мэдэгдэл гаргаж, Брайан Хьюзийг ажлаас нь халах шийдвэр гаргаснаа мэдээлжээ.

Уг мэдэгдэлд Брайаны үзэл бодол тус компанийн үнэт зүйлсийн илэрхийлэл биш гээд олон янзын угсаа гаралтай ажилтнууд болон харилцагчдаараа бахархдаг болохыг хэлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times