Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Акихито хаан сэнтийгээс буух хүсэлтээ Шинто шашны бурханд уламжлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы эзэн хаан Акихито Шинто шашны эртний сүмд зочилж, нэгэн уламжлалт ёслолыг гүйцэтгэжээ.

Тэрээр Шинто шашны дээд бурханд мөргөж, өөрийн хаан сэнтийгээс буух хүсэлтийг уламжилсан юм. 

85 настай эзэн хаан дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ өөрийн хүсэлтээр буух гэж байгаа нь Японы хаант засаглалын түүхэнд ховор үйл явдалд тооцогдож байна. Сүүлийн 200 жилийн түүхэнд амьд ахуйдаа хаан ширээнээс татгалзсан тохиолдол байхгүй юм.

Тавдугаар сарын 1-нд түүний хүү Нарухито Япон улсын шинэ эзэн хаанд өргөмжлөгдөнө. Хаан ширээ залгамжлах үйл явцын нэг хэсэг нь өнөөдөр Мие мужийн Исэ сүмд болсон ёслол юм.

Акихито хаан өнөөдөр ордныхоо гурван эрдэнийн хоёр нь болох илд, үнэт чулууг Токиогоос авч ирсэн байна. Гурав дахь эрдэнэ болох толь уг сүмд хадгалагддаг.

Хаан ширээг залгамжлуулахдаа тэр эдгээр гурван эрдэнийг Нарухитод дамжуулж өгөх юм. Японы эзэн хааныг Шинто шашны бүх бурхдын дээд нь болох нарны бурхан Аматерасугийн шууд үр удам гэж үздэг.

Исэ сүмд Аматерасу бурхны тахил хадгалагддаг юм. 1945 оныг хүртэл Шинто нь Японы албан ёсны шашин гэгдэж, эзэн хааныг амьд бурханд тооцдог байжээ.

 

Эх сурвалж: Japan Today