Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Болорчулуун: Сүхбаатарын талбайн газар Банкны барьцаанд тавигдсан асуудал байхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих орчин, нөхцөл байдлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж, Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй газар чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн газрын алба болон Захирагчийн албанаас хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун "Нийслэлийн Засаг даргын 2019.04.17-ны "Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай" А321 тоот захирамж болон "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" А322 тоот захирамж, "Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай" гэх захирамжууд гараад байна.

Эдгээр захирамжуудын хэрэгжилтийн хүрээнд бид эхний ээлжинд өнгөрсөн жил эрчимтэй явагдаж байсан явган хүний замыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Үүнд бид иргэд болон холбогдох байгууллагуудаас ирсэн санал, хүсэлтийн дагуу 30 байршлын санал дээр ажилласны үр дүнд 25 байршлыг нь чөлөөлөөд байна.

Цаашид ч мөн иргэдээс санал, хүсэлтийг өөрсдийн албан ёсны вэбсайтаар хүлээж авах болно.

Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний хүрээнд авто замын орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашааг буулгах, өөрийн газраасаа илүү гаргаж барьсан хашааг буулгах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

Үүнд, нэгдүгээрт, Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, газар ашиглалтын чанарыг сайжруулах зорилгоор иргэдийн аюулгүй, тайван зорчих нөхцөл байдлыг хангах үүднээс энэхүү явган хүний замыг чөлөөлөх ажлыг илүү өргөн хүрээнд хийх болно.

Хоёрдугаарт, иргэдийн оршин сууж буй орчин тойрны газарт замбараагүй баригдсан хашаа, хайсыг чөлөөлж иргэдийг чөлөөтэй зорчих орчинг бий болгох ажил хоёрдугаар шатанд хийгдэнэ.

Гуравдугаарт, баригдсан тоосгон гаражуудын эзэдтэй нь холбоо тогтоож, зохицож тухайн газраар зам гарах ёстой бол зам гаргаж, тохижилт хийх ёстой бол тохижилт хийх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна" хэмээлээ.

Мэдээлэл өгсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм:

-Шийдвэрлээд буй 25 байршилд ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Эдгээр байршлын дийлэнхэд нь явган хүн зорчих боломжгүй шон, төмөр хашаа зоосон зөрчил илэрсэн. Мөн дээрх шон, хашааны эзэд нь тодорхой бус байсан тохиолдолд албадан чөлөөлж байгаа. Бодит эзэнтэй тохиолдолд бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, зардлыг нөхөн төлүүлэх болно, дээрх байршлуудыг чөлөөлөхөд одоогоор нийт 4.1 сая төгрөгийн зардал гаргаад байна.

-Сүхбаатарын талбайн газрыг Банканд барьцаанд өгсөн гэх мэдээлэл явж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сүхбаатарын талбайн урд талын талбайг газар доорх гараж болон дээрээ усан оргилууртай тохижилт бүхий талбай барих гэсэн захирамжтай байсан. Нийслэлийн Засаг даргаас энэ газар дээр ийм төрлийн ажил хийх шаардлагагүй тул тус захирамжийг хүчингүй болгох захирамж гаргасан байгаа. Барьцаанд байгаа гэсэн асуудал байхгүй.

-Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг хаасан байсан. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Бид тус эмнэлгийн нутаг дэвсгэр дээр очиж үзсэн. Эмнэлэг, ойр орчны зураглалыг хийхэд үнэхээр ганц л гарцтай байсан. Ганц байгаа гарц нь ачаалал ихтэй зам руу харсан тул хойд болон зүүн талаар нь гарц хийх тухай ойрын аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлийг хүргүүлээд байгаа. Ямар ч байсан тус эмнэлгийн төвийг 2-3 гарцтай болгох болно.

-Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны самбаруудад ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэхгүй юу?

 
Гэрэл зургийг: MPA.mn

-Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.

Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм.

Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж аваад байна. Цаашид ч мөн дурдагсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгасаар байх болно.

Түүнчлэн иргэд зам чөлөөлөх тухай санал, хүсэлтээ http://gazar.ub.gov.mn/ гэсэн Нийслэлийн газрын албаны вэбсайтаар зочлон хүргүүлж, хийгдэж буй ажлуудтай танилцах боломжтой юм.