Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярмаа: Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслийг эсэргүүцэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төрийн бус байгууллагуудын тавьж буй шаардлага нь дараах агуулгаас бүрджээ. 

  • Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулахаар УИХ яаравчлан зүтгэж байгааг эсэргүүцэх
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоо дахь жилдээ хэрэгжүүлээгүй Засгийн газар, БОАЖЯ-ны хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байгаа тухай
  • Уг хэрэг, маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж буй тухай
  • УИХ-ын гишүүд ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулж байгаа хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардах
УИХ дахь томчууд бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх сонирхолгүй байж малчид, тариаланчдаар төлүүлэх гэж байсан

 “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа хэлэхдээ "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж, яаралтай батлахаар улайран зүтгэж эхэллээ. 

Бид одоо хүчин төгөлдөр байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоон жил хэрэгжүүлээгүй гэж Засгийн газар, БОАЖЯ-ыг МАН эвслийн гишүүн “Хөвсгөл дайлайн эзэд” ТББ нь Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татуулж, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг.

Уг нэхэмжлэлээр үүсгэгдсэн хэргийг Захиргааны шүүх 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хянан үзээд бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Тэгсэн байхад Засгийн газар, БОАЖЯ шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба энэ сарын 18-ны өдрийн 08:30 цагт шүүх хурал нь болно.

УИХ нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж уг хэрэг, маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна.

Одоогийн хуулиа биелүүлээгүй байж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах гэж буй явдлыг эсэргүүцэж байна.

Дахиад 50-60 хувь бууруулна гэвэл Монгол орны усны нөөцөд маш их хэмжээний аймшигтай эрсдэл үүсэх хуулийн зохицуулалт хийгдэж болохгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг татаж аваад одоо байгаа хуулиа хэрэгжүүл.

 Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар жилд 9 тэрбум төгрөгийг ус бохирдуулсан төлбөрөөс нэхэх ёстой. Хэрвээ хуулиа долоо жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол ойролцоогоор 63 тэрбум төгрөг улсын төсөвт орсон байх ёстой. Гэтэл 50-60 хувь буурчихвал 4 тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөр гэж нэхэх болно

УИХ дахь томчууд бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх сонирхолгүй байж малчид, тариаланчдаар төлүүлэх гэж байсан шүү дээ. 

Бүрэн эрх нь дуусаж байгаа энэ их хурал Байгальд ээлтэй хууль нэгийг ч санаачилж батлаагүй байж хамгийн халтай уг хуулийг батлачихвал сонгогч, иргэд бид хэзээ ч уучлахгүй гэдгийг хатуу хэлж байна.

Мөн манай улс бүх голын усны бохирдлыг судалж чаддаггүй. Усны бохирдлыг бүхэлд нь хянах тогтолцоог бий болгох шаардлагатай" гэв. 

Зураг
2 | 41 минут