Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Гаднын үйлдвэрүүдийг сөгдөж гуйгаад ч хамаагүй МОНГОЛДОО АВЧРАХ ХЭРЭГТЭЙ

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг

МУИС-ийн дэд профессор Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг гурван жилийн өмнөхөө бодвол харьцангуй сэргэж, тогтворжих шинжтэй болж байна. Азийн хөгжлийн банк Монголын эдийн засаг ирэх хоёр жилд тогтвортой байна гэж төсөөлсөн. Та эдийн засагч хүний хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Би Азийн хөгжлийн банкнаас гаргасан прогнозтой санал нийлж байна. Гурван жилийн өмнө манай эдийн засаг дөнгөж 1.2 хувийн өсөлттэй байснаа бодвол одоо 6.9 хувийн өсөлттэй байгаа нь олон жилийн дунджаар харьцуулахад өндөр өсөлт юм. Үүний гол шалтгаан нь ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн төсвийн сахилга батыг сайжруулах, банкны системийг шинэчлэх, татварын болон нийгмийн даатгалын талаар явуулж буй бодлогодоо өөрчлөлт оруулах, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тогтвортой байлгах тал дээр анхааран ажиллаж байгаа явдал нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.

Нөгөө талаар сүүлийн хэдэн жил манай улсаас гадагш гаргаж буй түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ харьцангуй өндөр, дотооддоо уул уурхайг дэмжих, дэд бүтцийг шийдэх тал дээр бодлогын хувьд зарим нэг ахиц гарсан нь эдийн засаг хувьд эерэг байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. УИХ болон Засгийн газрын түвшинд гаргасан аливаа бодлого, шийдвэр нь багадаа гурван cap, уртдаа 3-5 жилийн дараагаас эдийн засагт эерэг, сөрөг байдлаар нөлөөлж эхэлдэг. Тиймээс 2017 оны тавдугаар сараас Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнд энэ оны байдлаар төсвийн орлогын өсөлт өндөр байж, төсвийн тэнцэл бараг 200 орчим тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Өмнө хэлсэнчлэн гадаад орчин талаасаа дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа нь эдийн засагт эерэг уур амьсгал бий болгож байгаа ч Хятадын эдийн засгийн нөхцөл байдал манайд шууд нөлөөлж байдаг. Сүүлийн үед болж буй Хятад Америкийн худалдааны маргаанаас үүдэлтэйгээр дотоод зах зээл рүүгээ хандсан бодлого явуулах шилжилтийн үе таарсантай холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд бага зэрэг саарч байна. Энэ бууралт нь ямар нэг байдлаар манай улсад нөлөөлнө. Тухайлбал, манайхаас гаргаж буй нүүрсний экспортын хэмжээнд хязгаарлалт тавих асуудал үүсч болзошгүй. Манай зүгээс Хятадын эдийн засагт гарч буй өөрчлөлтийг байнга анхаарч, төлөвлөлтөө хийж байх хэрэгтэй. Дотоод нөхцөл байдал, гадаад орчны нөлөөг сайн анхаарч бодлого, шийдвэрээ зөв гаргасан тохиолдолд манай эдийн засгийн өсөлт одоогийн түвшингөө ойрын 2-3 жилд хадгалаад явна гэж бодож байна.

-Эдийн засаг тогтвортой, боломжийн хэмжээнд өслөө гээд л яриад байна. Гэтэл жирийн ард иргэдэд нэг их өгөөжөө өгөхгүй байгаа шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Баялагаас орж ирж байгаа хөрөнгийг ирээдүйд Монгол Улсын хөгжлийг тогтвортой байлгаж чадах салбаруудад хөрөнгө оруулах маягаар шингээх, дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Тэрнээс гадна алслагдсан бүс нутгийн хөгжлийг анхаарсан бодлого явуулахгүй бол түвэгтэй байдалд ороод байгаа шүү дээ. Хэдийгээр Татварын тухай хуулиар төвөөс алслагдсан хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд тодорхой нөхцөл хангаж байвал татварын хөнгөлөлтүүдийг үзүүлээд эхэлчихсэн боловч тэнд амьдарч буй жирийн иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх бодлого үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, арваад жил хэлэлцүүлэх гээд бүтэхгүй байгаа Бүсийн нэмэгдлийн хуулийг батлуулах, зах хязгаар нутагт амьдарч буй иргэд рүү чиглэсэн хадгаламжийн ялгаатай бодлогыг явуулах, эдийн засгийн хувьд амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй болчхоод байгаа юм. Бүсийн нэмэгдлийг олгоод эхэлбэл шилжилт, хөдөлгөөн саарч тухайн бүс нутгийн хөгжил дээшилнэ. Гол нь эдийн засгийн өсөлтийн үр дүнгээ бүс нутгууддаа наахгүй бол хүртээмжтэй өсөлт биш болно. Хүртээмжтэй гэдэг нь хувь хүн дээр эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгээс харагдана. Харин эсрэгээрээ томоохон хэдэн компаниуд ашиг хүртээд, ард иргэддээ хүртээлгүй байвал хүртээмжтэй эдийн засгийн өсөлт биш.

Тиймээс эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй хүргэхийн тулд бүс нутгуудад ажлын байр бий болгох, ажлын байр бий болгодог үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй. Гэтэл 2016-2020 хүртэл хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харахаар тухайн бүс нутгийг хөгжүүлчихээр дорвитой үйлдвэр барина гэж төлөвлөсөн зүйл харагдахгүй л байна. Гол хөрөнгө оруулалтын урсгал нь сумдуудад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, театр, спорт цогцолбор барихад анхаарсан байсан.

Боломжтой бол 2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө зарим нэг засвар хийгээд аж үйлдвэрийг бий болгох, тэнд ажиллах хүний нөөцийг хөгжүүлэхтэй холбоотой төлөвлөгөө гаргах нь зүгээр болов уу гэж харж байна.

-Засгийн газар үйлдвэр байгуулах талаар ямар ч төлөвлөгөөгүй явж байгаа гэж үү?

-Үндэсний хөгжлийн газар дээр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотойгоор томоохон шинэчлэлийн ажил төлөвлөөд хийгдэж байгаа. Үүнд, эдийн засгийн 21 салбарыг хамруулсан эрдэмтэд, судлаачдын баг оролцуулаад хаана ямар хэмжээтэй, ямар үйлдвэрийг байгуулахад эдийн засгийн хувьд үр ашигтай вэ гэсэн ажлууд хийгээд явж байгаа. Энэ ажил эртхэн шиг дуусаад УИХ-аар батлагдчихвал ядаж дараагийн дөрвөн жилийн Засгийн газар мөрийн хөтөлбөр боловсруулахдаа үзүүлэлтүүдийг нь харахад дөхөм болох юм. Энэ Засгийн газар үйлдвэр байгуулахад хүн ам, ажиллах хүч, тээвэр ложистик, цахилгаан шугам сүлжээ, холбоо гээд бүх боломж нь бүрдсэн байна уу гэдгийг тодорхой болох ёстой юм. Энэ тохиолдолд Засгийн газар, хувийн хэвшлийн зүгээс үйлдвэр байгуулъя гэсэн шийдвэр гаргахад мэдээллийн чухал эх үүсвэр нь болж өгч байгаа юм. Асуудал шийдэгдсэнээр хөрөнгө оруулалтын урсгал илүү тодорхой болж, хөгжил илүү хурдтай явагдах боломж бүрдэнэ. Үүнийг хувийн хэвшилтэйгээ хамтраад хийвэл зүгээр гэж харагдаад байгаа юм.

Гэхдээ энэ жилдээ одоогийн төлөвлөснөөрөө явчхаад ирэх жилүүдээс батлагдах Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, түүнийг дагаж хийгдэх судалгааг бодлого боловсруулахдаа ашиглаад явбал улсын хөгжил зөв голдрил руугаа орох болов уу гэж бодож байна. Нөгөө талаас улсын зүгээс хөгжлийн бодлогоо зөв төлөвлөж, нийгмийн халамжид зарцуулаад байгаа хөрөнгийг багасгая гэвэл үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөртөө тохирсон ажлаа хийгээд эхэлбэл улсаас мөнгө авах байтугай эсрэгээрээ татвар, нийгмийн даатгал төлөөд эхэлнэ.

Миний гол харж байгаа зүйл бол манайхан гадныхантай нийлж ажил хийгээд ирэхээрээ идэвхтэй, байгууллагын дотоод дүрэм журамд маш сайн захирагдаад явж болоод байдаг. Өөрсдийн жижиг компанид ажиллахаар ажил олгогчийн зүгээс ч ажилчдаа үнэлэхгүй, ажилчид нь өөрт нь цалин олгож байгаа компаниа хүндлэхгүй харилцан ойлголцож чадахгүй л байна.

Цаашид улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг байгуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Жишээ болгоод Оюутолгойг авч үзье. Гэрээ буруу, зөв хийгдсэн гээд л шүүмжлээд байна. Гэхдээ тэнд нийт ажилчдын 94 хувь нь монголчууд байна. Оюутолгой төслийн хүрээнд 2010 оноос эхлээд Монголд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тэр үеэс монгол ажилчдыг аваад ажиллуулаад улсын төсөвт ихээхэн хэмжээний татвар төлөөд явж байна. 2013-2015 онуудад хөрөнгө оруулалт саараад эхлэхэд л манай эдийн засгийн өсөлт удааширч байна. Гүний уурхайн ажил эхлэхтэй холбоотойгоор 2016 оноос хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлөөд эхэлснийг үнэлэх хэрэгтэй. Мөн Оюутолгойд туслан гүйцэтгэх, ханган нийлүүлэгч маш олон компаниуд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Нэг ёсондоо энэ компаниудыг Оюутолгой тэжээж байна. Яах вэ гэрээ нь зөв үү, буруу юу гэдгийг ньдээд шатандаа шалгаад нарийн тогтоогоод гэрээг шинэчлэх эсэх асуудлаа шийдээд явна биз. Гол нь одоогийн байдлаар Оюутолгойн Монголын эдийн засагт оруулж байгаа үр ашиг л чухал байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгийг иргэддээ хуваарилах асуудал яригдаж байгаа. Ер нь ингэж тарааж өгөх нь хэр зөв зүйтэй алхам бэ. Зарим нэг нь стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа?

-Төрөөс гаргаж байгаа шийдвэр л дээ. Баялгийг бүх ард түмэндээ хуваарилна гээд анхнаасаа хэлсэн бол тэрийгээ хийх л ёстой. Компани өөрөө ногдол ашиг олгох эсэхээ шийдвэрлэдэг. Төр гол шийдвэр гаргагч учраас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгоно гээд зарласан бол олгох л ёстой. Гэхдээ нэг буруу харагдаад байгаа зүйл нь ногдол ашгийг улс төржүүлж, “Хүн болгонд өгөх ёстой” гээд л уриа лоозон болгоод байгаа хэсэг хүмүүс байна. Төр зарим нэг талаараа иргэдэд таалагдах үйл ажиллагаа явуулахгүй бол болдоггүй. Тэр утгаараа таалагдах гээд л олгоно, олгохгүй гээд л яриад байна.

Гэхдээ хувьцаат компани л юм бол Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгоно гэсэн шийдвэр гаргасан бол эдийн засгийн нөхцөл байдлыг харж байгаад өгөхөд ямар ч асуудал байхгүй. Харин тодорхой түвшинд тэр компани цаашид хөрөнгө оруулалт хийх үүднээс ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргасан бол хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд “Бид дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ” гэдгээ зарладаг зарчимтай. Ер нь Монголын эдийн засагт “Эрдэнэс Тавантолгой” ямар нөлөөтэй юм.

Монголын эдийн засгийг цаашид яаж авч явах вэ гэдэг алсын хараагаа бодож шийдвэр гаргах хэрэгтэй л дээ. Өнгөрсөн жил энэ компани 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж байгаа. Нэгэнт Засгийн газар ТУЗ-д гол цөмийг бүрдүүлж байгаа тохиолдолд уг ашгаас тодорхой хэмжээний мөнгийг “Ирээдүйн өв сан”-даа тодорхой хэмжээгээр хуваарилж, хадгалах ёстой байх. Тэгэхгүй бол Монголын эдийн засаг нэг унаад ирэхээр гаднаас янз бүрийн нэртэй бондууд босгож аваад, эргээд өндөр хүүтэй төлөх гэдэг хэцүүхэн арга руу шилжинэ л гэсэн үг. Тиймээс тодорхой түвшинд хуримтлал үүсгэх ёстой.

-Америк Хятадын худалдааны маргаанаас болж манай эдийн засаг тодорхой хэмжээнд баригдах талтай. Тиймээс үүн дээр анхаарч, тодорхой төлөвлөлт хийх ёстой. Тухайлбал, ямар төлөвлөлт хэрэгтэй вэ?

-Төлөвлөгөөгүй эдийн засаг явуургүй гэдэг нь харагдаж байгаа л даа. Эдийн засгийг урт, богино хугацаанд төлөвлөхгүй бол утгагүй болчхоод байна. Ялангуяа манай улстөрчдийн нэг хийдэг алдаа нь бодлогын түвшинд янз бүрийн судалгаанууд хийгдээд Засгийн газарт өргөн барихад нийтэд таалагдах эсвэл хувийн эрх ашигтаа тохируулсан хувийн тоглолт хийгээд байдаг нь түвэгтэй байгаа юм.

Уг нь сонгуулиас хамаарахгүйгээр аль ч нам гарч ирсэн өөрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ улс орны хэмжээнд төлөвлөсөн нэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна. Тэр төлөвлөгөөнд зохицуулж өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулаад явах ёстой. Өөрөөр хэлбэл, аль ч нам гарсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам нь өөр байсан ч эцсийн дүндээ уг төлөвлөгөөний эцсийн зорилгыг биелүүлэхийн төлөө явах ёстой. Гэтэл өнөөдөр манайд ийм зүйл алга. Жишээлбэл, АН-ын үед байсан баахан “Сайн”-уудыг МАН зогсоогоод л өөрийн бодлогоо хэрэгжүүлээд явж байх жишээний. Уг нь алсын цэгээ тодорхойлчхоод түүндээ хүрэхийн тулд жилээр, таван жилээр гэх мэтээр ажлаа төлөвлөөд явах хэрэгтэй байна л даа.

-Хятад шиг үү?

-Хятад угаасаа эдийн засгаа төлөвлөөд амжилтад хүрч байгааг бид харж байна. Хятадын араас Вьетнамын эдийн засаг ямар хурдацтай өсч байна. Бас л таван жилийн төлөвлөгөөтэй. Вьетнам дэлхийн улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулж байна. Гаднын орнуудаас ихээхэн хэмжээний үйлдвэр авчраад бариулж байна. Манайх Сингапурын туршлага гээд л ярьдаг. Энэ улс чинь Малайзаас бараг хөөгдөж, туугдан тусгаар улс болсон шүү дээ. Ямар ч үйлдвэргүй, ундны усгүй хаягдсан шахуу улс. Тэгээд тэд яасан бэ гэхээр төлөвлөлтийн бодлогоо боловсруулж, гаднаас хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг элдэв татварын дарамтаас чөлөөлөөд гаднын улс орны үйлдвэрүүдийг газар нутагтаа оруулсан. Ингээд энэ улс хөгжиж чадсан.

Гэтэл манайх жилээр ч олигтой төлөвлөгөөгөө хийж чадахгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар байнга өөрчлөгдөж байдгаас шалтгаалаад хийх ёстой ажлууд залгамж халаагүй унаад байна л даа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ томилогдсоноос хойш Үндэсний хөгжлийн газар дээр таван жилийн төлөвлөгөөг боловсруулах талаар чиг үүрэг өгсөн гэж сонссон. Энэ ажил бүтэмжтэй байгаад хэрэгжиж чадвал чухал л даа. Гэхдээ 2020 оны сонгууль ямар үр дүнтэй гарах нь уу, гэдэг нь энэ төлөвлөгөөг бий болгоод хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.

-Тэгвэл манайх гаднын үйлдвэрүүдийг оруулж ирээд хөгжих боломжтой юу. Тийм хууль, эрх зүйн орчин нь бий юу?

-Манайх гаднаас үйлдвэр авчирч бариулах тал дээр уян хатан хандах хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлнэ л гэж байгаа бол уул уурхай гэхээсээ илүүтэй, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах тал дээр анхаарах нь зүйтэй. Дэлхийд алдартай шинэ технологи бүхий орчин үеийн үйлдвэрүүдийг урьж, дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий үйлдвэрүүдийг байгуулах ёстой.

Дэлхийд алдартай үндэстэн дамнасан том корпорацуудад хандаж “Монголд тодорхой хугацаанд татваргүй, эсвэл маш бага татвартайгаар үйлдвэрлэлээ явуулна уу. Монголоос ажилчдаа сургаад ав. Авахдаа та бүхэн өөрсдийнхөө норм, нормативоо тогтоо. Манай улсын зүгээс боломжит бүх нөхцөлөөр хангаж өгье” гээд урих ёстой л доо. Эхний ээлжид гаднын ажилчид нь ихэнх хувийг бүрдүүлж болно. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд гаднын ажилчдын тоог бууруулаад монгол ажилчдыг сургаад тоог нь нэмээд явна гэдэг гэрээг байгуулбал тэр үйлдвэрийн шинэ технологи, санааг нь мэдэж авахаас гадна Монгол Улсын эдийн засгийн чадавх нэмэгдээд явна.

Олон улсад нэр хүнд нь түгсэн дундаж компанийн ашиг гэхэд Монгол Улсын ДНБ-ийг хэд нугалсан байдаг. Тэгэхээр ийм компаниудаас ядаж нэг, хоёрыг нь сөгдөж гуйж байгаад ч хамаагүй Монголд оруулж ирэх хэрэгтэй. Монголын газар шороог ухахгүйгээр эдийн засгаа суга өөд нь татах боломж байна шүү дээ. Үйлдвэрээ дагаад дэд бүтэц байгуулагдаж, суурьшлын бүс үүсэх, төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ. Хууль, эрх зүйн орчны хувьд тусгай нөхцөл боломж бүхий тогтвортой байдлын гэрээг байгуулах нь зүйтэй болов уу. Гол санаа нь гаднын ямар нэг Засгийн газраас зээл хүсэх биш томоохон компаниудтай холбоо тогтоогоод үйлдвэрээ байгуулаач ээ, гэж хүсэх хэрэгтэй л гэсэн санаа. Цаашид Засгийн газар бүр буухдаа улсынхаа эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэхээр бүтээн байгуулалт хийсэн байвал уг нь сайн байгаа юм.

Зураг