Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн өв сантай зэрэгцүүлэн боловсруулсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн ОНЦЛОХ таван заалт

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхээр баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн талаарх онцлох заалтуудыг бид өмнө нь нийтэлсэн билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт ойрын хугацаанд танилцуулахаар зэхэж байна.

Хаврын чуулганаар яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр төлөвлөж буй Баялгийн тухай хууль 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулиас ямар ялгаатай болон онцлох ӨӨРЧЛӨЛТ-үүдийг хүргэж байна. 

1.Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” хийнэ

Ирээдүйн өв сангийн тухай хуульд тусгаснаар тус сангийн менежментийн гадаадын туршлагатай багаар удирдуулахаар тусгасан бол одоо боловсуураад буй Баялгийн тухай хуулиар сангийн менежментийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани хийнэ. Точвхондоо, Баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулахыг Засгийн газар шийдэж, гүйцэтгэлийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ

Гадны менежментээр явуулах нь үндэсний аюулгүй байдал, геополитик талаасаа ард түмний эсэргүүцэлтэй тулгарах, олон талын хардалт үүсэхээс гадна зардал өндөр хэмээн үзээд буй.

2. Сангийн хөрөнгөөр дотоод төслүүддээ санхүүжилт хийж, иргэдэд ногдол ашиг хүртээнэ

Одоогийн хуулиар сангийн хөрөнгөөр зөвхөн гадаад төслүүдэд хөрөнгө оруулахаар хуульчилсан бол Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаснаар  

  • Баялгийн зохистой хуваарилалтыг хийж, иргэн бүрт ногдол ашиг хүртээх замаар хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх 
  • Уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх аж.

Ингэхдээ бусад компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалт хийж, үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг түшиглэн байгуулах дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх юм байна. 

Иргэдийн хувьд компани ногдол ашиг тараах шийдвэр гаргавал давуу эрхийн хувьцааныхаа ногдол ашиг шууд авахаас гадна нийгмийн дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх гэсэн Баялгийн сангийн үндсэн зорилтын хүрээнд өгөөж хүртэнэ хэмээн тооцжээ. 

3. Хууль батлагдвал сангийн хөрөнгийг ашиглах боломж нээгдэнэ

Одоогийн мөрдөгдөж буй хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэх боломжгүй байгаа.

Тэгвэл Баялгийн сангийн тухай хууль хэрэгжвэл сангийн орлогын 50%-ийг түгжиж, үлдсэн 50%-ийг шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах юм байна.  

Сангийн хөрөнгийг байршуулах, хөрөнгө оруулалт хийх ерөнхий төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол” компани гурван жилээр боловсруулж, тухайн жилийн улсын төсөвтэй хамт УИХ батална. 

Ашиглахдаа сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн тодорхой хувийг олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл нь хамгийн өндөр болон түүнтэй адилтгах үнэлгээтэй, жил бүрийн өгөөж нь тодорхой санхүүгийн хэрэгсэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой дэд бүтцийн барилга байгууламж байгуулах болон санхүүгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулна. Мөн сангийн нийт хөрөнгийн тодорхой хувийг эрсдлийн сан байгуулж, нөөцлөх бөгөөд энэхүү хөрөнгийг Монголбанканд тусгай данс нээж байршуулна зэрэг заалтуудыг тусгажээ.

4. 2028 он гэхэд 44.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон

Баялгийн санд хөрөнгө хуримтлуулахдаа “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой” зэрэг хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангасан стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд шиг Асгат, Салхит, Цагаан суварга, Мөнгөн өндөр, Тавтын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Баялгийн санг өргөжүүлнэ хэмээн тооцож байгаа аж.

Баялгийн санд бүрдсэн орлогоос зарцуулалт хийгээгүй тохиолдолд 2028 онд нийт 44.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөөлсөн байна. 

5. Сантьягогийн 24 зарчимд тулгуурлаж ил тод байдлыг хангана

Сангийн хөрөнгийг Төсвийн тухай болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу тайлагнаж, хяналт тавихаар хуульчлах гэж байна. Ингэхдээ Сантьягогийн 24 зарчимд заасанчлан сангийн бодлогын зорилго, холбогдох дүрэм, журам, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын талаар нийтэд нээлттэй байхаар тусгасан байна. 

Сантьяагогийн зарчмууд гэдэг нь 2008 онд батлагдсан Сантьягогийн олон улсын конвенцод Олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн тухай ойлголтыг анх удаа бий болгосон бөгөөд Олон улсын Баялгийн сангийн форум байгуулагдан, Нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү нийтээр хүлээн зөвшөөрсөн 24 зарчмыг баялгийн сан бүхий улс орнуудын үйл ажиллагаанд мөрдүүлэх хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

УИХ Баялгийн сангийн тухай хуулийг баталбал Монгол Улс Сантьяагогийн олон улсын конвенцод нэгдэн орохоор төлөвлөж байна