Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын угсарсан "TBC-2MС" агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"TBC-2MС" агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ.

Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна.     

"TBC-2MС" агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгджээ. 

Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиур хийжээ.

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа аж.

ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25,000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

"TBC-2MС" онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн Монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий" гэдгийг онцлов.

Тэрбээр МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам