Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.П.Сингх: Монголын талаар илүү ихийг мэдэхийн тулд зохиолч Жак Уэстфордын "Genghis Khan and the Making of the Modern World" номыг уншиж байгаа

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П. Сингхтэй ярилцлаа.

- Та Монголд ирээд cap гаруй болжээ. Ер нь манай улсад томилогдож ирэхээсээ өмнө хаана, ямар албанд ажиллаж байв?

- Би 30 гаруй жилийн турш дипломат албанд зүтгэж байна. Энэ хугацаанд Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британи зэрэг оронд ажил үүргийнхээ дагуу олон албан тушаалд ажиллаж байсан.

Мөн Шинэ Дэлид Ёслолын албанд ажиллаж байхдаа дэлхийн 100 гаруй орноор аялж байсан. Харин Монгол Улсад томилогдон ирэхээс буюу дөрвөн долоо хоногийн өмнө Энэтхэгийн Гадаад харилцааны яаманд Олон улсын болон олонт талт дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтуудыг хариуцсан захирлаар, мөн Праваси Бхаратияа Кендра буюу Гадаадад ажиллаж амьдарч буй энэтхэгчүүдийн төвийн Үйл ажиллагааны хорооны тэргүүнээр ажиллаж байлаа.

- Элчин сайдаар томилогдохоосоо өмнө та Монгол Улсад ирж байсан уу. Таны бодлоор Монгол Улс, монгол хүмүүс ямар онцлогтой вэ?

- 20 жилийн өмнө буюу 1999 онд богино хугацаагаар Улаанбаатарт ирж байсан. 20 жилийн өмнөх Улаанбаатарыг өнөөгийн Улаанбаатартай харьцуулахад огт өөр хот болжээ. Гэхдээ мэдээж сэтгэл татам олон сайхан зүйлс одоо ч байсаар байна. Ерөнхийдөө Монгол Улсыг мөнх хөх тэнгэртэй,хүйтэн ширүүн өвлийн улиралтай ч нөхөрсөг, зочломтгой ард түмэнтэй гэдгийг мэднэ. Энэтхэг Монгол хоёр улс бол ардчилал болон шашнаар холбогдсон ард түмэн. Энэтхэгчүүдийн хувьд монголчууд оюун санааны хөрш. Цаг агаарын байдлыг эс тооцвол цэцэглэн хөгжиж буй Улаанбаатар хотод томилогдон ажиллаж байгаадаа баяртай байна. Түүнчлэн хоёр үндэстний нийтлэг байдал нь ямар ч асуудлыг амар хялбараар даван туулах итгэлийг надад өгч байна.

- Улаанбаатарт ирэхээсээ өмнө Монголын талаар хэр судалсан бэ?

- Өөрт байгаа мэдээллээ улам гүнзгийрүүлэх, илүү их мэдээлэл авахын тулд Монголын хүчирхэг түүх, соёл, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжийн талаар уншиж, судалсан.

Харин хоёр улсын хооронд хэд хэдэн төсөл тухайлбал, нэг тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэр, 20 сая ам.долларын өртөг бүхий төсөл Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбооны төв байгуулах зэргийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Монгол Улс болон түүхийн талаар илүү ихийг мэдэхийн тулд зохиолч Жак Уэстфордын “Genghis Khan and the Making of the Modern World” номыг уншиж байгаа.

- Монгол, Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд та юу хийхээр төлөвлөж байна?

Монгол, Энэтхэгийн түүхэн харилцаа, соёл иргэншил 2000 гаруй жилийн өмнөөс улбаатай. Энд ирээд удаагүй байгаа ч Энэтхэг Улс болон энэтхэгчүүдэд их ойр дотно ханддагийг мэдэрлээ. Миний эрхэм зорилго бол хоёр улсын эдийн засгийн болон худалдааны харилцааг илүү сайн харилцан уялдуулж, илүү сайн болгох явдал юм. Тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах, одоо хийгдэж буй болон төлөвлөсөн санаачилгуудын үйл явцыг хянах, цаг хугацаанд нь амжуулах юм. Бидний хамтын идэвх чармайлтаар Монголд анхны газрын тосны үйлдвэр барих, Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбооны төв байгуулах болон батлан хамгаалахын салбарт хэрэгжиж буй төслүүдээ хэрэгжүүлнэ.

Монгол Улсад уул уурхай, цагаан идээ боловсруулах, мал аж ахуй, газрын тосны боловсруулах болон тээвэрлэх хоолойг барьж ашиглахад дагалдах салбарт ихээхэн нөөц боломж байгаа юм. Одоо хэрэгжүүлж буй санаачилгууд стратегийн ач холбогдол бүхий гуравдагч хөрш болох Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайхан боломж болно гэдэгт итгэлтэй байна.

- Энэтхэг болон Монгол Улс аль аль нь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа хүссэн хэмжээнд хүрэхүйц биш байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

- Хүссэн хэмжээнд хүрэлцэхүйц биш гэдэг бол өөр ойлголт. Монголын Засгийн газрын хүсэлтээр газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмж 236 сая ам.долларын санхүүжилт олгох талаар хэлэлцэж байгаа. Мөн 21 сая ам.долларыг АВV Атал Бихари Важпайн төв байгуулахад олгож байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Монголд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэгийн төрийн өмчит “Engineers India limited” (EIL) компани ажиллахаар болсон. Төлөөлөгчийн газраа ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээж, Энэтхэгийн компаниудын үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг нь хийж хэлээд байна.

Мөн өнгөрсөн сарын эхээр Монгол Улсын БСШУСЯ 20 сая гаруй ам.долларын мэдээллийн технологи, холбооны төв барих тендерийн хүсэлтээ гаргахаар тохиролцсон. Харин наймдугаар сард Элчин сайдын яамнаас Энэтхэгийн эмийн болон эрүүл мэндийн компаниудын үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ нь Монголд хөрөнгө оруулалтын татах боломж юм. Энэ үеэр Монголын “Монос” групп Энэтхэгийн “FMGG” компанитай хамтран ажиллах, “FMGG” компани Монголд бүтээгдэхүүнээ танилцуулах талаар яригдаж байгаа. Ирэх саруудаас эхлэн Монголд зохион байгуулагдах эдгээр үйл ажиллагаа нь Монголын уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээллийг гүнзгийрүүлэхээс гадна өөр бусад компанид мэдээлэл өгөх гүүр нь болно.

- Бусад орны адил Монгол Улс ч гэсэн ШХАБ-ын гишүүнээр элсэх талаар сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа. Хэрвээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн болбол хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

- Энэтхэг Улс 2017 онд ШХАБ-ын байнгын гишүүн болсон гэдгийг мэдэж байгаа байх. ШХАБ-ын гишүүн болсноороо хил дамнасан асуудал, цэргийн хамтын ажиллагааны тагнуулын түншлэлийг хуваалцах, терроризмыг эсэргүүцэх зэрэг аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож, ШХАБ-аас хэрэгжүүлдэг олон үйл ажиллагааны үр шимийг хүртдэг. Монгол бол Энэтхэгийн дотнын найз бас стратегийн түнш, олон улсын хуралд ч гэсэн нэгдмэл нэг байр суурьтай байдаг. Энэ байдал цаашид ч гэсэн үргэлжилнэ гэж бодож байна.

- Оюутан солилцоо бол хоёр улсын хүмүүс хоорондын харилцааг сайжруулахад чухал үүрэгтэй. Өнгөрсөн 2016 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлахдаа илүү олон монгол оюутныг Энэтхэг Улсад хармаар байна хэмээсэн. Монголчууд Энэтхэг Улстай боловсрол салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ?

- Энэтхэгийн Засгийн газраас боловсон хүчний чадавх дээшлүүлэх олон төрлийн богино хугацааны сургалтын 250 орчим тэтгэлгийг Монголын залуучуудад санал болгож байгаа. Үүнд англи хэл, мэдээллийн технологи, харилцаа холбоо, технологи, инженерийн болон анагаах ухааны сургалтууд багтаж байдаг. Үүнээс гадна Монголын төрийн албаны 40-50 мэргэжилтнүүдэд хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 100 хувийн тэтгэлгийг олгож байна. Энэтхэгийн Засгийн газраас газрын тосны боловсруулах үйлдвэр болон тээвэрлэх, дамжуулах хоолойг ажиллуулах, засварлах чиглэлээр 40-50 монгол оюутан болон техникийн ажилтныг сургахаар тохиролцоод байна. Эдгээр тэтгэлэг, сургалтаас гадна жилд 600-700 оюутан болон лам нар хувиараа суралцахаар Энэтхэгийг зорьдог. Ийм тогтмол оюутан солилцоо нь хоёр улсын харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжинэ гэж бодож байна.

Хэдийгээр тэтгэлгийн тоо хангалттай байгаа ч тоог нь нэмэгдүүлж, сайжруулах шаардлага байсаар байгаа юм. Тиймээс бидний зүгээс Монголын Боловсролын яамтай энэ талаар ярилцаж байгаа. ШУТИС, Монголын Шинжлэх Ухааны Академи болон бусад байгууллагатай хамтран хөтөлбөрөө өргөжүүлэх талаар ярилцаж байгаа. Мөн 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн төрийн албан хаагчдаас гадна хувийн хэвшил болон хувийн сургуульд сурдаг оюутан залууст тэтгэлэг олгохоор шийдвэрлээд байна. ITEC болон ICCR тэтгэлэг авах эрх, тавигдах шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай www.eoi.gov.in/ulaanbaatar  вэб сайтаас авах боломжтой.

- Таны бодлоор хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

- Монгол Улсын зүгээс эдийн засгийн чухал салбарууд дахь тогтвортой хөгжлийг хангаж, ДНБ-ээ тогтвортойгоор өсгөж, засаглалын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх, хууль дүрэмд өөрчлөлт оруулж олон дэвшил гаргаж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь лавтай. Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес эрхлэхэд таатай” орнуудын жагсаалтад 190 оноос 74-д бичигдсэн байдаг. Энэ нь Энэтхэгийн хөрөнгө оруулагчдыг ойрын жилүүдэд татах давуу тал юм. Бид уул уурхайн эрдэс баялаг, эм хангамж, мэдээллийн технологийн салбарын Монгол дахь боломжуудын талаар мэдээллийг Энэтхэгт түгээхээр зорьж байна. Түүнчлэн Энэтхэг компаниудын үзэсгэлэн тэдгээр компаниудын Монголын зах зээлийг сонирхох сонирхлыг улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна.

- Энэтхэг, Пакистан хоёрын харилцаа ямар байна. Хоёр орны харилцааг хэрхэн тайлбарлах вэ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

- Пакистан Улс Энэтхэгийн эсрэг түрэмгий, хүч хэрэглэсэн бодлого баримталж, терроризм болон, террорист үйл ажиллагааг дэмжсээр байгаа. Саяхан л гэхэд Жамму Кашмирын Пулвамад үйлдсэн халдлагын улмаас Энэтхэгийн 40 орчим цэрэг амиа алдсан. Пакистан Улс НҮБ-аас хориглосон террорист үйл ажиллагаа явуулж буйг батлах баримт нотолгоог Энэтхэгийн тал олон удаа дэлгэж байсан. Бид Пакистан Улсад хандаж, НҮБ-аас хориглосон террорист үйл ажиллагааг явуулж, өөрийн газар нутаг дээр терроризмыг дэмжихгүй байхыг уриалсаар байна.

Зураг