Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээр орхисон сансрын нисгэгчдийн ялгадсыг дэлхийд буцаан авчрах санааг Баз Алдрин үгүйсгэсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансрын нисгэгчид 50 гаруй жилийн өмнө саран дээр буухдаа хүний мөр, Америкийн далбаа зэрэг чухал баримтуудыг үлдээсэн гэдэг.

Үүнээс гадна тэд сансрын аялалын турш хуримтлуулсан хог хаягдал, ялгадсаа уутанд хийж сарны гадаргуу дээр орхисон гэх мэдээлэл бий. Саяхан сэтгүүлч Брайан Ресник хүмүүс сарыг бохирдуулж үлдээсэн хог хаягдлаа дэлхийд буцааж авчрах ёстой гэсэн санааг дэвшүүлжээ.

Хэд хоногийн өмнө АНУ-ын засгийн газар саран дээр таван жилийн дотор дахин газардах даалгаврыг NASA-д өгсний дараа ийм асуудал яригдсан юм.

Ресник бас саран дээр үлдээсэн сансрын нисгэгчдийн ялгадас судалгааны чухал объект болно гэж үзэж байгаагаа бичжээ.

Сансрын хатуу хахир орчинд амьд биет тэсэж гарах боломжтой эсэхийг энэ судалгаа харуулах гэнэ. Учир нь хүний ялгадасны массын 50 орчим хувь нь бактер байдаг.

Тиймээс сансрын нисгэгчдийн үлдээсэн ялгадас эрдэмтдийн судалгааны чухал биет болно гэж тэр дүгнэжээ.

Харин энэ нийтлэлийг олж уншсан Баз Алдрин өөрийнх нь ялгадас сарны гадаргуу дээр үлдсэн гэх мэдээллийг шууд няцаагаагүй байна. Тэрээр багийн ахлагч Нэйл Армстронгийн хамт хамгийн анх саран дээр хөл тавьж байсан хүн юм.

Алдрин твиттер хуудсандаа “Миний орхисон уутыг олсон хүнд таатай сэтгэгдэл төрөхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж бичээд ард нь ялгадасны эможи нэмж оруулжээ.

Эх сурвалж: Independent