Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг журмын төлөөх Хятадын эрэл

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг журмын төлөөх Хятадын эрэл” гэх энэхүү тайланд хилийн чанад дахь мэдээллийг хянах Бээжингийн бодлого буюу дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж буй аюулт төслийн талаар Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас эрэн сурвалжилснаа нийтэлсэн юм.


Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2018 оны тайлангаар 180 орноос 176 дугаарт эрэмбэлэгдсэн Хятад улс аливаа шүүмжлэлийг таслан зогсоож, түүхийн бараан хэсгээ далдлахын тулд “үзэл суртлын хувьд зөв” гэх үгсээрээ дамжуулан хилийн чанадад түгээх нөлөөллөө улам тэлж байна. “Бүс ба зам” санаачилгаас бага танигдсан ч амбицын хувьд ялгаагүй энэ төсөл нь дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байна.

RSF-ийн “Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг журмын төлөөх Хятадын эрэл” нэртэй эрэн сурвалжлах тайланд үүнийг илчилсэн бөгөөд rsf.org вебсайтад хятад, франц, англи хэлээр тус тус нийтэлжээ. 

Мөн тус тайланд дээрх зорилгоо биелүүлэхийн тулд Хятадын төрөөс тэлж буй бодлогыг нь онцолсон байна. Уг бодлогод: Хятадын олон улсын өргөн нэвтрүүлгийн телевизийн шинэчлэн өөрчлөлт, олон улсын хэвлэл мэдээллүүдээс асар их хэмжээний зар сурталчилгаа худалдан авч, гадаадын хэвлэл мэдээллийн салбарт нэвтэрч буй зэргээс гадна дарамт, айлган сүрдүүлэлтийг асар өргөн хэмжээнд ашиглаж буй нь ч багтана.

Энэ талаар RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Бээжингийн дэглэмийг үл харгалзан сэтгүүлчид нь эсрэг хүч байхаас илүүтэй төрийн суртал ухуулгад үйлчлэхийг чухалчилж байна. Хэрэв ардчилсан орнууд үүнийг эсэргүүцэхгүй аваас Бээжингийн зүгээс үзэл бодол, суртал ухуулгаа тулгах болно. Энэ бол сэтгүүл зүй, ардчилалд учирч буй заналхийлэл” хэмээн хэлсэн юм.

Бээжин дэх “шүүмжлэлт сэтгэлгээ”-ний сургалт

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс хэвлэл мэдээллийн чадамжаа олон улсын үзэгч, сонсогчдод хүрэхүйц болгож хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулсан. Энэ зорилго нь ч биеллээ олж, төрийн мэдлийн CGTN нь 140 улсад телевизийн хөтөлбөрөө нэвтрүүлж, Хятадын олон улсын радио нь 65 хэл дээр цацагдаж байна. 

Хятад өөрийнх нь дэглэм хөгжиж буй орнуудын хэдэн арван мянган сэтгүүлчдээр таатай мэдээ цацуулсныхаа хариуд Бээжин хүрэх аяллын бүх зардлыг нь даан “шүүмжлэлт оюуныг нь сургахад” ятгаж дөнгөсөн аж. Хилийн чанад дахь Хятадын хэвлэл мэдээллүүдийн хувьд дэлгэмийг шүүмжилдэг байсан олонх нь худалдагдаж, Хятадын Коммунист намын суртал ухуулгын аппарат болон хувирчээ. 

Хүчирхийлэл ба айлган сүрдүүлэлт

Бээжин Baidu хайлтын систем, WeChat мессежийн платформ зэрэг өөрийн цензур, ажиглалтын хэрэгслүүдээ бусад улсад экспортолж байна. Нэн ялангуяа, Хятад улс дарангуйлагч орнуудад өөрийн дарлагч зохицуулалтаа хуулбарлахыг хөхиүлэн дэмжиж байгаа бөгөөд энэ нь Зүүн Өмнөд Азид үр дүнтэй бодлого болж байна. 
Аливаа чөлөөт үзэл бодлыг боомилохын тулд ардчилсан үндэстнүүдийг хүртэл Бээжин хүчирхийлэл, айлган сүрдүүлэлтэд уриалж байна.

Чөлөөт сэтгүүлчдээс эхлээд хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд, мэдээ бэлтгэлийн дамжлагад ямар ч холбоогүй хэвлэлийн газраас эхлээд нийгмийн сүлжээний платформ хүртэл Бээжингийн “үл үзэгдэгч гар”-аас мултрахгүй. Үүгээр ч зогсохгүй Хятадын Элчин сайд нар хүртэл Хятадын албан ёсны тайлбарт эргэлзсэн нийтлэлүүдийг хараар будахдаа огтхон ч эргэлзэхээ больсон төдийгүй энэ нь ихэнхдээ дипломат бус хэлбэрээр илэрхийлэгдэж байна. Ардчилсан орнууд энэхүү заналхийлэлтэй нүүр тулахын тулд хичээсээр байна.