Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цэвэрлэх байгууламжийг жилийн 2%-ийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийн хөрөнгөөр барьж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх 2022 онд ашиглалтад орох ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖийн ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Нийслэлчүүдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд буй уг бүтээн байгуулалтын төслийн талаар зарим тоон мэдээллийг хүргэе.

Санхүүжилтийн хэмжээ болон зээлийн эргэн төлөлт

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн нийт өртөг 267 сая ам.доллар.

Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл нь жилийн 2%-ийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, зээл олгосноос хойших эхний долоон жилд хүүгийн төлбөр төлөхгүй аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүжилтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлчүүдийн хувьд маш чухал бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 40, 50 мянгатын орон сууцны хороолол, Энхтайваны гүүр, Налайхын авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж, манай иргэд олон жил үр өгөөжийг нь хүртэж ирснийг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Энэхүү төслийг олон жил ярьсны эцэст өнөөдөр ажил хэрэг боллоо" хэмээн хэлэв.

Төслийн үргэлжлэх хугацаа ба ажиллах хүч

Төслийн бүтээн байгуулалтын ажил хуучин цэвэрлэхийн хашаанд 40 га талбайд 35.5 сар үргэлжилж, "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" шинэ цэвэрлэх байгууламжийг барина. Уг хоёр компани өмнө нь Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил хийж байсан, мөн БНХАУ-даа цэвэрлэх байгууламж барьж байсан туршлагатайг шав тавих ёслолын үеэр онцолж байв.

Төслийн ажлыг гүйцэтгэх явцад нийт ажиллах хүчний 50 хувийг манай талаас оролцуулна.

Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэх юм байна.

 

"Цэвэрлэх байгууламж гэдэг бол хотын хамгийн чухал дэд бүтэц. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор байгаль орчин, ундны усанд үүсэж болох эрсдэл буурна.

Дараагийн 60 жилийн хугацаанд шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглах бөгөөд хотын зүгээс уг төслийн үе шаттай уялдуулаад шугам сүлжээ өргөтгөх, шинэчлэх ажлуудаа хийгээд явна" хэмээн хотын дарга С.Амарсайхан ярилаа.

Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг одоогийнхтой харьцуулбал:

Одоогийн төв цэвэрлэх байгууламж өдөрт 160-200 мянган шоо метр бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул гол руу нийлүүлж байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган шоо метр бохир усыг өдөрт хүлээн авах хүчин чадалтай байх юм. Ингэхдээ бохирт гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх аж.

Түүнчлэн лаг боловсруулан био хий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, цахилгааны нийт хэрэгцээнийхээ 53 хувийг хангах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсны дараа зургаан сарын турш манай ажилчдыг сургана. Ингээд нэг жилийн хугацаанд багтаж зүгшрүүлээд, манайд бүрэн хүлээлгэж өгнө.

Шинэ цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн компакт гэрээний дагуу хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-ийн хүрээнд дахин үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглана" гэдгийг БХБ-ын Сайд Х.Баделхан онцлон хэллээ.