Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Бямба гарагт болох тайван жагсаалд "Сошиал жагсаал"-ынхан нэгдэж буйгаа илэрхийллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр "Хэвтүүл" хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан ирэх Бямба гарагт бүх нийтийн жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан энэхүү бүх нийтийн жагсаалд "Сошиал жагсаал"-ын зохион байгуулагчид нэгдэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Сошиал жагсаал"-ын зохион байгуулагч Б.Шинэгэрэл "Манай улс фэйсбүүк, твиттер болон бусад сошиал платформ хэрэглэгчийн тоогоороо харьцангуй өндөрт тооцогддог.

Үүнийг ашиглан бид сошиалаар дамжуулан мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх идэвх харьцангуй өндөр байдаг тул ийнхүү залуус сошиал орчинд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж, "#ЖДҮ хулгайчдыг эсэргүүцсэн сошиал жагсаал"-ыг зохион байгуулаад гурван сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд ямар хууль дүрэм зөрчиж, мөн ямар хариуцлага хүлээх ёстой, иргэд ямар боломжуудаа тэдэнд хулгайлуулснаа ойлгож аваад байна. 

Үүнээс харахад хууль зөвхөн иргэдэд үйлчлээд эрх мэдэлтэнд үйлчлэхгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах заалтаар "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Гэвч эдгээр зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг АТГ шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлэн улмаар улсын ерөнхий прокурор таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан боловч тэд хулгайчдаа хамгаалан авч үлдсэнийг бид бүхэн харж байна" хэмээлээ.

Түүнчлэн иргэддээ очих боломжийг хулгайлсан, төрд олон жил бугшсан хулгайчидтай одоо л хариуцлага тооцохгүй бол цаашид улс төрчид хуулийн хариуцлага хүлээдэггүй байдал газар авах шинжтэй болсон тул үүнийг таслан зогсоох цаг нэгэнт болоод байгааг "Сошиал жагсаал"-ын зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн тэд ирэх Бямба гараг буюу гуравдугаар сарын хоёрны өдөр Сүхбаатарын талбайд болох тайван жагсаалд нэгдэж буйгаа үүгээр илэрхийллээ.