Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нэг хүнд ногдох махны хэрэглээ найман жилийн дотор 10кг-аар нэмэгджээ

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Photo by: Getty Images

Насанд хүрсэн хүн өдөрт 40-75 хүртэлх грамм мах хэрэглэх нь зохистой хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг ч сүүлийн жилүүдэд энэхүү хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн нь бидний эрүүл мэндэд тодорхой хувиар сөргөөр нөлөөлж болзошгүй талаар анхааруулаад байгаа юм.

Түүнчлэн дэлхийн хүн ам сүүлийн 50 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг дагаад бидний идэж буй мах махан бүтээгдэхүүний хэрэглээ гурав дахин өссөн талаар бид өмнө мэдээлээд байсан билээ.

Дэлхий нийтийн махны хэрэглээний дийлэнхийг хөгжиж буй дундаж орлоготой улсууд эзэлж байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан бидний урд хөрш болох БНХАУ жилд хэдий хэмжээний, ямар төрлийн мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хятадын махны хэрэглээ дэлхийн 28 хувийг эзэлж байна

НҮБ-аас энэ сарын 20-нд гаргасан тооцооллоор Хятад улсын хүн ам 1,418,256,055 байгаа бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 18.41 хувь юм.

Хэдий нийт хүн амын 18 хувийг эзэлж байгаа ч Хятадын махны хэрэглээ дэлхийн 28 хувийг эзэлж буй нь АНУ-ын махны хэрэглээнээс хоёр дахин их байна.

Ийнхүү хамгийн их хүн амтай улсын хувьд тус улсын хүн амын хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглээ манай гарагийн ихээхэн хувийг эзэлж байгааг харуулж байна.

Хятад улс мах, махан бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч байхын хажуугаар Азийн бүс нутгаас гарч буй дэлхийн хамгийн том мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, нийлүүлэгчээр тодорч буйг онцлох нь зүйтэй.
 
Тодруулбал, Хятад улс дангаараа дэлхий нийт махны 40-45 хувийг үйлдвэрлэн гаргадаг ба үүнд гахайн махны хэрэгцээний 50%, үхрийн махны 10%, шувуун гаралтай мах махан бүтээгдэхүүний 1/4-г тус тус үйлдвэрлэж буй нь үйлдвэрлэл болоод эдийн засгийн хувьд мөн хэр далайцтай нь харагдаж байна.
Хятадаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн 27 хувь

Хятадын аж үйлдвэрийн салбар хөгжиж, их хэмжээний мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хирээр тус улсын хүлэмжийн хийн ялгаруулалт, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам нэмэгдэж байгааг олон улсын эрдэмтэн, судлаачид анхааруулаад байгаа юм. Тодруулбал, Хятадаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн 27 хувийг эзэлдэг нь мөн хэр хэмжээний хохирол байгаль орчинд үзүүлж буйг илтгэнэ.

Улс орон бүрийн салбар салбарын статистик мэдээллийг бэлтгэдэг Statista байгууллагаас гаргасан тооцооллоор БНХАУ-ын нэг иргэнд ногдож буй махны хэрэглээ 2011 онд 43.8 кг байсан бол найман жилийн дараа буюу 2018 онд энэ тоо 10 кг-аар нэмэгдэж 53 болсныг онцолсон байсан. Цаашид ч мөн энэ тоо жил ирэх тус нэмэгдэх хандлагатай байна.

Тэгвэл Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ сүүлд гишүүн улсуудынхаа хэрэглээний талаарх судалгааг гүйцэтгэжээ. Үүнд нэг иргэн ямар төрлийн, хэр хэмжээний махыг жилд хүнсэндээ хэрэглэдэг талаарх судалгааг гүйцэтгэж танилцуулсан юм.

Үүнд, БНХАУ-ын иргэн 2017 онд жилд дунджаар:

  • 30.3 кг гахайн мах,
  • 11.9 кг шувуун гаралтай мах,
  • үхэр, тугалын 3.9 кг махыг хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоолол гаргажээ.

График 1: Улс орнуудын нэг хүнд ногдох жилийн махны хэрэглээ кг-аар /БНХАУ улаанаар 2017 оны байдлаар/

Харин 2018 онд буюу нэг жилийн дараа энэхүү махны хэрэглээ тодорхой хэмжээгээр өссөн нь харагдаж байлаа.

Нарийвчилбал, Хятадын нэг иргэний:

  • гахайн махны хэрэглээ 30.6 кг,
  • шувуун гаралтай махны хэрэглээ 12.2,
  • үхрийн мах 4.1 мөн хонины махны хэрэглээ 3.1 кг болж ойролцоогоор 0.5-1 кг-аар нэмэгджээ.

График 2: Улс орнуудын нэг хүнд ногдох жилийн махны хэрэглээ кг-аар /БНХАУ улаанаар 2018 оны байдлаар/

Дээрх хоёр графикаас харахад Хятадын хүн ам хүнсний хэрэглээндээ хамгийн ихээр гахай болон шувуун гаралтай мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэдгийг харуулж байна. Харин манай улсын хамгийн их хэрэглэдэг үхэр, адуу болон хонины махыг жилд 3-4 орчим кг-ийг хэрэглэдэг аж.

Хятадын хөдөө орон нутгаар бүх төрлийн махны хэрэглээ 2000-аад оны үед эрчимтэй нэмэгдэж байсан хэдий ч томоохон хотуудын оршин суугчдын махны хэрэглээ тухайн үед багасах хандлага ажиглагдаж байсныг нэгэн эх сурвалж дурджээ.

Түүнчлэн 2000-2010 оны хооронд тус улсад гахайн махны хэрэглээ өмнө байгаагүйгээр буурч байсан нь үнийн хэлбэлзэл болоод гахайнаас илэрдэг олон төрлийн өвчин ихэссэнтэй холбоотой аж. Харин 2010 оноос хойш үхрийн махны хэрэглээ бага хэмжээгээр нэмэгдсэн нь тус улсын дундаж давхарга болон гэрээс гадуурх хооллолт, хоолны газруудын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбон мөн тайлбарлажээ. 

Ийнхүү жил бүр өсөх хандлагатай буй тус улсын махны хэрэглээ байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготойгоор улсын Засгийн газрын зүгээс багасгаж, танах хэд хэдэн зорилт, зохицуулалтыг сүүлийн жилүүдэд гаргасан ч тийм ч үр дүнтэй бус байгаа нь ийнхүү харагдаж байна.

Манай улс 2018 онд нийт 54.9 мянган тонн мах гадны улс руу экспортолсон нь өндөр үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлээд байсан юм.

Үүний 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортлогдсон гэсэн үг. Монгол Улс өнгөрсөн жил л гэхэд тус төрлийн экспортоос 160 орчим сая доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.

Монгол Улс:

  • БНХАУ,
  • Орос,
  • Вьетнамын чөлөөт бүс,
  • Иран,
  • Казахстан,
  • Япон зэрэг улс руу мах экспортолж байгаа бөгөөд хамгийн том хүлээн авагч урд хөрш байгааг харж болно. Бид тус улс руу ихэвчлэн дулааны аргаар боловсруулсан адууны мах экспортолж байгаа ба тус чиглэлээр ажилладаг нийт 15 компани байна.