Зураг
Зураг
Индэр    
2019 оны 1 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

МАЛ СҮРГЭЭР БАЯН Ч МАХ НЬ ҮНЭД ГАРСАН МОНГОЛ МИНЬ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд байхад "Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян" гэж үндэсний радиогаар чихэнд хоногштол хэлдэг байж билээ.

Малаараа баян Монголд маань махны үнийн өсөлт байнга л асуудал тарьдаг. 

  • Махны үнийн өсөлт нь зарим үедээ инфляцийн 15 орчим хувийг бүрдүүлдэг. Шууд бусаар махны үнэ нэмэгдсэнээр хоолны газруудын үнэ ч нэмэгдэж давхар инфляцийг өсгөдөг. Инфляци өндөр байх нь бодлогын хүү, улмаар зээлийн хүүг өндөр байлгах нөхцөлийг бий болгодог. 
     
  • Хүн амын 30 хувь нь ядуу. Ядуу өрхийн нэг сард ногдох хэрэглээний 42 хувийг нь хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Махны үнэ өсөх нь хүнсний хэрэглээнд нь хүчтэй нөлөөлдөг.

Зураг 1. Махны дундаж үнэ

 

Эх үүсвэр: ҮСХ

Монгол улс 60 гаруй сая малаараа гуравхан сая хүний хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдэг бол жинхэнэ гамшиг шүү. Саяхан махны үнэ нэмэгдэхэд нийтээрээ бухимдаж эхэлсэн нь орлогод нь хэчнээн мэдрэмж ихтэй болсныг харуулж байна. Бултаараа хэн нэгэн буруутанг хайх эрэлд гарч, шалтгааныг нь ухтал Хятад руу гарах махны экспорт нэмэгдсэнээс дотоодод мах хомсдсон болж таарав. 2018 оны хувьд зөвхөн адууны мах Хятад руу экспортод гарчээ (адууны махны экспортын орлого 64 сая доллар). Харин үхэр болон хонь, ямааны мах өөр улсууд руу гарсныг харж болно (Зураг 2). 

Зураг 2. Экспортод гарсан малын мах, улсуудаар

 

Эх үүсвэр: Гаалийн Ерөнхий Газар

Ер нь экспорт хийх улс нь Хятад ч бай, Орос ч бай бид нар нөхөн сэргээгдэх боломжтой баялгаа эргэлтэд оруулах шаардлагатай. Гэхдээ гадаад худалдааны ямар ч зохицуулалтгүй, дотоодын хэрэгцээ шаардлагаа тооцоолохгүйгээр экспортод гаргасан нь махны үнийг огцом өсгөсөн. Өнөөдөр экспортод гаргах эрхтэй үйлдвэрүүд нь Хүчитшонхор дээр ирсэн махнуудыг жижиглэнгийн худалдаачдаас илүү үнэ цохиж авч байгаа нь тус зах дээрх махны нийлүүлэлтийг огцом бууруулжээ.

Гэвч үнэ зөвхөн экспортоос гадна махны ченжүүдийн шат дамжлагаас бас шалтгаалдаг. Өмнө нь махны өртөг, түүний бүтцийн талаар судалгаа хийх шаардлага гарсан юм. Махны хамгийн гол зах болох Хүчитшонхор дээр үүрийн 5 цагт очив. Тэнд мах бөөндөх, шулах, жинлэх, зарах, авах зэрэг ажил хэдийнээ өрнөж байлаа. Бидний судалснаар дөрөв, таван ченжийн гар дамжиж эцсийн хэрэглэгчид хүрдэг энэ систем нь махны өртгийг нэмэгдүүлдэг (Зураг 3). Энэ нөхцөл одоо ч хадгалагдсаар байна. Үнэхээр ийм үнээр бид ченжүүдийн гар дамжихгүйгээр махаа авдаг байсан бол малчид маань аль хэдийн баяжихаар байлаа. Гэтэл малчны хотон дахь мал нь ямар ч үнэгүй мөртөө эцсийн хэрэглэгчид хүрэх мах үнэтэй очиж байна.  

Зураг 3. Махны өртгийг бүрдүүлэгчид.

 

 

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД 

Төрийн зүгээс хувийн хэвшлүүдтэй хамтран олон жил ярьсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлыг шийдэж чадсан ч дотоодод махны хомсдол үүсэхийг нь тооцоолсон л байлтай. Хий дэмий шударга ёс алдагдсан, ард түмний итгэл алдарсан гэх мэт ерөнхий уриа, уриалга ярихаасаа илүүтэй бодит хөрсөн дээр бууж, махны зах зээлд үүссэн асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй.

  • Малчин, эцсийн хэрэглэгч хооронд байгаа ченжүүдийн шат дамжлагыг багасгах
  • Хууль эрхзүйн зохицуулалтыг сайжруулах
  • Экспортын тодорхой бодлого барих, нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүйгээр зохицуулалт хийх
  • Зам дэд бүтэц, ложистикийн асуудлуудыг шийдэх 

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР БОЛ УУЛ УУРХАЙН ХЭТ ХАМААРЛААС ГАРАХ НЭГ БОЛОМЖ

Өнөөдөр уул уурхайн салбар Монголын ДНБ-н 20 хувь, нийт экспортын 90 хувь, төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхай бол хөгжлийн тулгуур биш гэдгийг сүүлийн 10 жил бид унаж бүдрэн байж мэдэрлээ. Харин бид ямар болж хоцров? Эдийн засаг нь түүхий эдийн үнэ дагаж өсч буурдаг,  ноёд түшмэдийн хүрээнд авилгал, хээл хахууль нэмэгдсэн, байгальдаа сөрөг нөлөөтэй, айл өрхийн тэгш бус байдал гэж тэнгэр газар шиг ялгаатай болсон. Тэр 10 жилд нь уул уурхайн салбарын цалин 6 дахин, харин бусад салбарын цалин 2.6 дахин өсөв. Нийгмийн дундаж давхаргын зарим нь доошоогоо унаж, зарим нь унахгүйн тулд арайхийн зүүгдэж байна. Энэ тоог батлахын тулд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас харахад ойлгомжтой.

Хүн амын 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг бий болгож байгаа бол хүн амын 40 хувь нь хэрэглээний 21 хувийг л бий болгодог байна(зураг 1). 

Зураг 4. Хэрэглээний бүтэц

 

Эх үүсвэр: ҮСХ

Тиймээс махаа гадагш экспортлох нь 60 сая гаруй малтай баян ард түмэн бидэнд уул уурхайн хамаарлаасаа гарах эхний алхам.

Мэдээж алхам хийхэд алдаа, оноо гарах л болно. Харин түүнийгээ бид засаад л явах асуудал юм. Өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйгаар цэвэр байгалийн мах хэрэглэж байгаа Монгол шиг улс цөөхөн. Ихэнх хөгжингүй орнууд өсч буй хүн амынхаа махны хэрэгцээг хангахын тулд малыг химийн аргаар томруулж, тэжээж, үржүүлсээр байна. Манай мах байгалийн гэдгээрээ гадаад зах зээлд илүү давуу талтай. Тиймээс бид дотооддоо малын гаралтай халдварт өвчинг бууруулах, малын эрүүл ахуйг хангах, малын үнэ өртгийн асуудлыг цэгцлэх гэх мэт олон зүйлсийг зохицуулах шаардлага тулгарч байна.