Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Шар хантаазтан” тэмцэгчдийг өмөөрч цагдаа нартай зодолдсон боксын аваргад Францын шүүх ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Парис хотод болсон “шар хантаазтан” иргэдийн тэмцлийн үеэр цагдаа нартай зодолдсон Францын боксын экс аварга өчигдөр нэг жилийн хорих ял сонсжээ.

Нэгдүгээр сарын 5-ны өдөр Сена мөрний эрэг дээр болсон хэргийн дараа 37 настай Кристоф Дэттингер шалгагдаж байсан юм. Өчигдөр шүүх хурал болж Франц улсын хагас хүнд жингийн аварга болж байсан боксчинд ял оноосон байна.

Прокурорууд түүнд хүнд ял тулгаж байсан ч шүүгч нар нэг жил нээлттэй шоронд хорих ял оноосон юм. Энэ нь өдрийн цагаар гадуур ажиллах боломжтой хорих шийтгэл юм.

Шүүх хурлын үеэр өрхийн тэргүүн, гурван хүүхдийн эцэг, 37 настай Дэттингер буруутай үйлдэлдээ уучлал гуйсан байна. Хэдийгээр буруугаа хүлээж, уучлал гуйсан ч прокурорууд түүнд гурван жил хорих ял оноохыг шаардаж байсан юм.

Өчигдөр шүүгч нар Дэттингерт бас 18 сарын тэнсэн харгалзах ял, Парис хотод зургаан сарын турш нэвтрэхийг хориглох, хохирогч хоёр цагдаад тус бүр 2,000 ба 3,000 евро төлүүлэх шийтгэлийг оноосон байна.

 

Эх сурвалж: AFP