Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 40 улс шинэ автомашинд автомат тоормос заавал суулгах стандартыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Женевт болсон НҮБ-ын эдийн засгийн коммисийн хуралдаанаар Япон, Европын Холбоо тэргүүтэй дэлхийн 40 улс шинээр үйлдвэрлэгдэх бүх суудлын болон хөнгөн ачааны автомашинд автомат тоормосны системийг заавал суулгах тохиролцоонд хүрснийг өчигдөр тус байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл шинээр худалдаанд гарах машин бүрт урдаа байгаа биетийг мэдрээд жолоочоос өмнө зогсоох үйлдэл хийх системийг нэвтрүүлсэн байх шаардлага тавигдах юм.

Гэхдээ уг систем нь 60 км/цаг хүртэл хурдтай явж байх үед үйлчлэх ёстой ажээ. Энэ нь зөвхөн шинэ машинуудад тавигдах шаардлага бөгөөд одоо ашиглагдаж байгаа хуучин автомашинуудад хамаарахгүй юм.

Хамгийн түрүүнд Япон улс ирэх оноос эхлэн үйлдвэрээс гарах бүх автомашинд шинэ шаардлагыг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Европын Холбоо болон түүнтэй хөрш зарим орнууд 2022 оноос эхлэн нэвтрүүлэх гэнэ.

Уг тохиролцоонд АНУ, Хятад улсууд нэгдэлгүй үлдсэн байна. 2016 онд Европын Холбооны орнуудад зам тээврийн ослоос 9,500 гаруй хүний амь үрэгдсэн бол автомат тоормосны систем нэвтрүүлснээр жилд 1,000 гаруй хүний амийг аварна гэж тооцоолжээ.

2017 онд гаргасан АНУ-ын National Highway Traffic Safety Administration байгууллагын тоо баримтаас үзвэл тус улсад нийлүүлэгдэж байгаа Toyota, Mercedes-Benz, Volvo, Tesla дөрвөн үйлдвэрлэгчийн шинэ загваруудын талаас илүү хувь нь автомат тоормосны системтэй байжээ.

Харин Америкийн үйлдвэрлэгчдийн энэ онд зах зээлд гарч байгаа шинэ загваруудын 38 хувь нь ийм системтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press