Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

АПЕК-ийн уулзалтын үеэр үйлчилгээнд явуулсан 300 орчим автомашиныг Папуагийн цагдаа хайж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулахдаа гадны зочдын үйлчилгээнд зориулж импортлосон 300 шахуу автомашиныг эрэн сурвалжилж байгаагаа Папуа Шинэ Гвиней улсын цагдаагийн дарга өчигдөр мэдээлжээ.

Нийтдээ 284 ширхэг Toyota Land Cruiser, Ford, Mazda, Mitsubishi Pajero машинуудыг гадаадын хүндэт зочдод үйлчлүүлэхээр тус улсын төрийн албан хаагчдад түр хугацаагаар өгсөн юм байна. Харин тухайн үед багагүй хэл ам таталж байсан Масерати, Бентли загварын 40 ширхэг тансаг машиныг АПЕК-ийн дараа бүрэн бүтнээр нь буцааж төрийн өмчлөлд шилжүүлээд байгаа гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Папуа Шинэ Гвиней улс Ази, Номхон Далайн Эдийн Засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахдаа нэг бүр нь $200,000-ын үнэтэй эдгээр тансаг ангиллын машинуудыг Европоос импортлоод гадаад, дотоодынхонд хүчтэй шүүмжлүүлж байсан юм. Хүн амынх нь дунд халдварт өвчин тарж, эдийн засаг нь суларч доройтсон улс оронд энэ нь хэтэрсэн тансаглал байв.

Сөрөг хүчнийхэн энэ тансаглалыг “хулгай, луйвар” хэмээн нэрлэж, нийслэлийн төвд олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал хийж байжээ.

АПЕК-ийн арга хэмжээнд ашигласан эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх ажлыг ахалж байгаа цагдаагийн албан хаагч Деннис Коркораны мэдээлснээр нийтдээ есөн автомашины зарим нь хулгайд алдагдаж, заримын эд анги нь тоногдож ашиглах боломжгүй болоод байгаа гэнэ. Мөн буцааж өгсөн автомашинуудын зарим нь ноцтой эвдрэл, гэмтэлтэй байгааг мэдээлжээ.

Номхон далайн өмнөд хэсэгт орших 7.3 сая хүн амтай Папуа Шинэ Гвиней улс АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулснаараа дэлхийд танигдаж, гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой байв.

Гэвч гаргасан зардал, хохирлыг нь харвал уг зорилго биелсэн эсэх нь эргэлзээтэй болжээ.

“Буцаж ирээгүй байгаа 284 машиныг хаана байгааг бид ерөнхийд нь мэдэж байгаа тул цуглуулах боломжтой” гэж Деннис Коркоран хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian