Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланкийн засгийн газар цаазын ял гүйцэтгэгч ажилд авах зар гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хар тамхины хэрэг өсөн нэмэгдэж байгаагийн улмаас олон жилийн дараа цаазын ялыг сэргээх гэж байгаа Шри Ланка улсын эрх баригчид цаазын ял гүйцэтгэгч буюу зандалчин ажилд авах зарыг сонинд нийтлүүлжээ.

Тус улсад сүүлийн цаазын ялыг 43 жилийн өмнө гүйцэтгэж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Майтрипала Сирисена хар тамхи хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд цаазын ял оноодог болох гэж байгааг зарласан юм.

Нэгдүгээр сард тэр Филиппин улсад айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч Родриго Дутертегийн эхлүүлсэн хар тамхины эсрэг дайныг магтан сайшааж байжээ. 1976 оноос хойш Шри Ланка улсад ганц ч цаазын ял гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн бүх насаар хорих ял оноож байв. Тус улсын сүүлчийн зандалчин 2014 онд хийх ажилгүй болсны улмаас албан тушаалаа орхиж байжээ.

Тэгвэл Шри Ланкын өдөр тутмын сонинд саяхан хоёр зандалчин ажилд авах зарыг гаргасан байна. Даваа гарагт нийтлэгдсэн ажлын байрны зард өгүүлснээр зандалчны сарын цалин 36,310 рупи ($200) байна гэжээ. Энэ нь тус улсын төрийн албан хаагчдын дундаж цалингаас өндөр гэсэн үг.

Үүнээс гадна Шри Ланкийн уугуул иргэн байх, 18-45 насны эрэгтэй байх, ёс зүйтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэг шаардлага тавигджээ.

Ажлын байранд горилогчидтой ирэх сард ярилцлага хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Шри Ланкад доод тал нь 25 хүн хар тамхины хэргээр баригдаад байгаагийн дотор хоёр гол этгээд нь цаазын ял сонсох магадлалтай байгаа ажээ.

Эдгээрээс гадна хүний амь бүрэлгэсэн зэрэг бусад төрлийн хүнд ялтай 436 гэмт хэрэгтэн хоригдож байгаагийн зургаа нь эмэгтэй гэнэ. Энэтхэгийн далайн Шри Ланка улсыг Ази тивийн хар тамхины наймааны чухал зангилаа болохоос болгоомжилсон ерөнхийлөгч Сирисена өнгөрсөн сард Филиппинд айлчилсан гол зорилго нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлага судлах байжээ.

 

Эх сурвалж: Reuters