Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Америк анчин Пакистанд зэрлэг ямаа агнахын тулд $110,000 төлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Пакистаны хэвлэлүүдэд ховордсон зэрлэг ямаа агнасан Америк эрийн гэрэл зураг нийтлэгдсэн юм.

Умард Хималайн уулсад амьдардаг Астор мархор хэмээх энэ амьтныг авлахын тулд тэр $110,000 төлсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Төлсөн мөнгө нь Пакистаны түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байгаа гэнэ.

Анчин Брайан Кинсел Харланыг АНУ-ын Даллас хотод амьдардаг моргэйжийн банкир болохыг хэвлэлүүд тодруулжээ.

Мэдээлэл тарсны дараа Пакистаны сошиал сүлжээнд үндэсний бахархал болсон зэрлэг ямааг гадаадын иргэдээр төлбөртэй агнуулах нь зөв эсэх талаар маргаан өрнөсөн байна.

Гэхдээ мэргэжилтнүүдийн баталж байгаагаар цөөн тооны ямаа агнах зөвшөөрөл зарж олсон орлогыг уг амьтныг хамгаалахад зарцуулдаг гэнэ.

Пакистан, Энэтхэг, Афганистаны нутгийг дамнан оршдог Умард Хималайн бүс нутагт 2011 оны байдлаар ердөө 2,500 мархор ямаа амьдарч байжээ.

Махыг нь хүнсэнд хэрэглэх, гоёмсог эврийг нь худалдахын тулд нутгийн иргэд хулгайгаар агнадаг, хүн амын суурьшилд шахагдаж, малтай бэлчээр нутгаа булаацалдах болсон зэргээс тоо толгой нь буураад байгаа гэнэ.

Тиймээс хэдэн жилийн өмнөөс Пакистан улс хулгайн анг хатуу хориглож, улирал бүр 12 эр ямааг авлах зөвшөөрлийг гадаадын жуулчдад өгдөг болжээ.

Олсон орлогын 20 хувийг засгийн газар авч, 80 хувийг зэрлэг ямаа амьдардаг уулын бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдралд зориулдаг болсон байна. Ингэснээр нутгийн иргэдийн хулгайгаар агнах сэдэл буурч, орон нутгаа хөгжүүлэхийн тулд энэ амьтныг хамгаалах эрмэлзлэлтэй болж байгаа гэнэ.

Төлбөртэй ан хийсэн гадаадын иргэн дээд тал нь 1.5 метр хүртэл урт ургадаг зэрлэг ямааны эврийг авч буцах эрх эдэлдэг ажээ.

Эх сурвалж: The Washington Post