Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймагт H1N1 вирусийн халдвар гарч, нэг хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын вэб сайтаас авав.

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл ихсэж, H1N1 вирусийн халдвар гарсантай холбогдуулан Аймгийн онцгой комисс хуралдаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Тодруулбал, энэ сарын 24-26-ны өдрүүдэд "Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн жил"-ийн нээлт, "Малчдын зөвлөгөөн", "Ингэний айрагны баяр", аймгийн аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болоод байгаа аж.

Энэ талаар тус аймгийн холбогдох албаныхантай холбогдож тодруулахад,

"Нас барсан нэг иргэний шинжилгээнд явуулсан сорьцоос H1N1 вирусийн халдвар илэрсэн. Мөн 18 хүнээс сорьц авч, ХӨСҮТ-д хүргүүлэн шинжлүүлэхэд 10 хүнд нь H1N1 вирусийн халдвар илрээд байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсэн бүх хүнээс сорьц авч, шинжлэх боломжгүй учраас олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан" хэмээн хэллээ.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний өвчлөлийн талаар мэдээлэл өгөхдөө Улаанбаатар болон Говь-Алтай, Дундговь аймагт тус бүр нэг иргэн H1N1 вирусийн халдварын улмаас нас барсан гэдгийг хэлсэн билээ.