Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"М.Билэгт гишүүний компанийн барьсан эмнэлгийг төрийн өмчид худалдан авах асуудлыг судалж байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаа танилцуулан мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хоёр асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзлээ.

Нэгдүгээрт, томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрдугаарт, орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулаад салбарын сайд товч мэдээлэл өгнө" гэв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнгөрсөн долоо хоногт Томуу, томуу төст өвчний асуудлыг онцгой комиссоор хэлэлцсэн бол өнөөдөр бүлгийн хурал дээр бас хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.4 хувийг эзэлж байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Шинэ жилийн дараа орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Цагаан сарын дараа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн хоёр жил шалан дээр хүүхэд аваагүй. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд коридорт ор дэлгэн авч байсан. Ингээд нэмэлт зохицуулалт хийж Цэргийн госпиталд 74 ортой тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн зохион байгуултын ажил хийсэн байгаа.

Цаашид ингэж гал унтраасан байдлаар биш, томуугийн үед хүүхдэд хүрэлцээтэй ортой байя гэсэн саналаа онцгой комисс болон бүлэг дээрээ ярилаа. Ингээд бүлгээс 700-1,000 ортой хүүхдийн эмнэлэг барих төсвийг шийдвэрлэх, хүн амаа вакцинаар хангах төсвийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-аас хүн амын 40 хувийг вакцинжуулах шаардлагатай гэдэг ч манай улсын хувьд хүн амынхаа 0.3-0.6 хувиа вакцинжуулж байгаа. Бидэнд 1.4 сая хүн тун вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Вакцинжуулалт болон шинэ эмнэлгийн асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн барилга худалдан авах ажлыг судлах үүргийг ЭМЯ хүлээж байна" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хариуллаа.

- Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?

Д.Сарангэрэл: Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойлгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1N1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий.

- УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ?

- ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ийн хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна.

- Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?

- Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.