Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизүүд уламжлалт малгайгаа үндэсний бэлгэдэл болгох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Киргизүүд өөрсдийн өмсдөг уламжлалт малгай болох калпакыг үндэсний бэлгэдэл болгон хуульчлахаар бэлдэж байна.

Ойрын өдрүүдэд үндэсний бэлгэдэлийн хуулийн шинэчлэлтийг тус улсын парламент хэлэлцэж, батлах ажээ. Ингэснээр “ак калпак” буюу “цагаан калпак” гэдэг малгай нь Киргизийн төрийн далбаа, төрийн дуулалын нэгэн адил үндэсний бэлгэдэл болох юм.

Хууль батлагдсанаар тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын болон парламентын гишүүд албан ёсны арга хэмжээнүүд болон гадаад айлчлалын үеэр калпакыг заавал өмсөх үүрэгтэй болно.

Киргизистан улсыг гадаадад, олон улсын арга хэмжээнд төлөөлж байгаа урлаг, спортын хүмүүс ч калпак өмсөх ёстой ажээ.

Хуулийн төсөлд калпакыг “Киргиз үндэстний соёлын өвийн чухал хэсэг” гэж тодорхойлоод малгайд хүндэтгэлгүй хандахыг хориглосон байна.

Калпакыг доромжилсон хүн нэг жил хүртэл шоронд хоригдох, их хэмжээний мөнгөн торгууль хүлээх шийтгэлтэй болох гэнэ.

2017 онд Бишкект болсон нохойн үзэсгэлэнгийн үеэр японы Шиба Ину үүлдрийн нохойд калпак өмсгөсөн байсан нь иргэдийн бухимдал, эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Үүнээс хэдэн сарын дараа калпакыг үндэсний бэлгэдэл болгох хуулийн төсөл санаачлагдаж байв. Хуульд зааснаар калпакыг зөвхөн цэвэр ноосоор хийсэн эсгийгээр бүтээх ёстой гэнэ.

Киргизийн уламжлал ёсонд калпакыг газар тавих, хөлтэйгээ зэрэгцүүлж тавихыг цээрлэдэг. Жил бүрийн гуравдугаар сарын 5-ны өдрийг Киргизистанд калпакын өдөр болгон тэмдэглэдэг ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty