Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жэки Чаны киноны сэкстэй хэсгийг үзүүлсэн Ираны телевизийн захирал албан тушаалаасаа огцорчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ираны төрийн өмчит IRIB телевизийн орон нутгийн салбарын захирал Жэки Чаны киног гаргахдаа алдаа гаргаж, “хориотой хэсэг”-ийг үзүүлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ.

2009 оны “Шинжүкүд болсон явдал” кинонд Жэки Чан биеэ үнэлэгчтэй энгэр зөрүүлж байгаа нь гардаг юм.

Персийн булангийн Киш арлын салбар уг киног гаргахдаа цензур тавилгүй үзүүлсэн нь исламын хуучинсаг дэглэмтэй Ираны үзэгчдийг цочроосон байна.

Ираны телевизээр эсрэг хүйсний хүмүүс гар барьж буйг харуулахыг хүртэл хориглодог. Энэхүү алдааны улмаас өнгөрсөн Даваа гарагт IRIB сувгийн Киш арал дахь салбарын захирал болон бусад ажилтнууд ажлаасаа халагджээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногт Тегераны Азад их сургуулийн 10 оюутан автобусны ослоор амиа алдсан явдалд хэн ч хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцроогүйд хилэгнэсэн Ираны иргэд телевизийн ажилтнуудыг огцруулсан эрх баригчдын шийдвэрийг хүчтэй шүүмжилж байгаа ажээ.

“Автобус онхолдож, онгоц унаж, тэнгист хөлөг живэхэд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл Жэки Чаны киноны хэдхэн секундын төлөө IRIB сувгийн олон ажилтан огцорч байгаа нь шударга бус явдал” гэж иргэд сошиал сүлжээнд шүүмжлэн хэлэлцэж байна.

Өнгөрсөн долоо хоногт IRIB сувгаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар барьж байгааг үзүүлэхдээ “хосууд бодит амьдрал дээр нэг гэр бүлийн хүмүүс юм” гэсэн хадмал тайлбар дэлгэцэнд үзүүлж байжээ.

 

Эх сурвалж: AFP