Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав АТГ-т байцаалт өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өнөөдөр Авлигатай тэмцэх газарт дуудагдан, байцаалт өгсөн байна. Түүний талаар "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд "Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн" хэмээн ярьсан билээ. 

Тэгвэл уг асуудлыг өдгөө АТГ-т шалгаж байгаа аж. Тиймээс ч дөрвөн сая ам.долларын авлига авсан эсэх асуудлаар Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дуудаж байцаажээ. 

Д.Дорлигжав өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд "Ийгл" телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт зочноор оролцох зар тараагдаад байсан.

Гэвч тус телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа "Өнөөдөр оройн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт маань Д.Дорлигжав оролцож үзэгчдээс ирүүлсэн олон асуултад хариулт өгөх байлаа. Гэвч тэрээр сая утсаар ярилаа. Өнөөдөр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн, хэрэг шалгагдаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл ярилцлага өгч болохгүй гэдэг шаардлага тавьсан тул өнөөдрийн ярилцлагаа хойшлуулах хэрэгтэй боллоо гэлээ. Д.Дорлигжавд өгсөн урилга хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаад заавал ярилцлага өгнө гэж тэрээр амласан болно" гэсэн тайлбарыг сошиалд бичсэн байна.