Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадтай худалдааны асуудлаар тохиролцож чадвал Huawei-гийн захирлыг суллуулж чадна гэж Трамп амлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ярихдаа “хэрвээ Бээжинтэй худалдааны гэрээ байгуулж чадвал би Хятадын технологийн компанийн захирлыг суллуулах талаар хууль зүйн яаманд нөлөөлж чадна” хэмээн хэлжээ.

“Манай орны хувьд маш чухал, үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх энэхүү асар том гэрээг байгуулж чадвал би энэ хэрэгт оролцож, нөлөөлөхөд бэлэн” гэж тэр Цагаан ордны зууван танхимд Ройтерсын сэтгүүлчтэй уулзахдаа ярьсан байна.

Энэ сарын эхээр Вашингтоны хүсэлтийн дагуу Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийн санхүүгийн захирал Сабрина Мэн Ванжоуг Канадын Ванкуверт баривчилсан юм.

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хоригийг зөрчиж, Иран улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн гэж буруутгаж байгаа.

Ванжоуг баривчилсан тэр өдөр Дональд Трамп, Ши Жиньпин нар Буэнос Айрест уулзаж, худалдааны дайнаа 90 хоногийн хугацаанд зогсоох тохиролцоонд хүрч байсан юм.

Одоо 46 настай Мэн Ванжоу Иран дахь Huawei-гийн халхавч компанийг ашиглан бизнесийн гүйлгээ хийж байсныг АНУ-ын тал илрүүлсэн гэлцэж байна.

Өчигдөр Канадын шүүх түүнийг батлан даалтаар сулласан юм.

Сэтгүүлч Трампаас Мэн Ванжоуг АНУ шилжүүлж авах хүсэлтэй байгаа эсэхийг асуухад тэр “эхлээд Хятадын тал ямар хүсэлтэй байгааг мэдмээр байна” гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл Трамп одоо явагдаж байгаа АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрийн нэг хэсэгт Мэн Ванжоугийн асуудлыг багтаах сонирхолтой байгаа нь харагдсан байна.

 

Эх сурвалж: Reuters