Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Т.Ганболд маш олон хүн, хуулийн байгууллагад мөнгө өгсөн гэж бидэнд хэлдэг байсан

ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал  Т.Ганболд өчигдөр "Ам нээвэл" ярилцлагын үеэр Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржхандыг 60 тэрбумын хэргийн схемийг анх зохиосон хүн гэсэн утгатай зүйлсийг дурдсан билээ. Үүнд өнөөдөр Т.Доржханд тайлбар хийлээ. 

Тэрбээр“60 тэрбумын схемийг Хөдөлмөрийн үндэсний нам зохиож, түүнийг нь Доржзодов гэж хүн МАН-д зараад мөнгө болгож чадахгүй болохоор “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэдэг хүн зохицуулах гээд Мөнхбатыг дагуулж саунд суусан гэх мэтээр тайлбарласан нь ямар ч логикгүй зүйл. Үүнд бид ач холбогдол өгөхгүй байна. Ээлжит нэгэн харлуулах үйл ажиллагаа гэж бодож байна. 

Нэг зүйлийг хэлмээр байна. Т.Ганболд гэж хүнийг дөрвөн сая долларын асуудлыг ил болгосонд хувьдаа их талархаж байна. Маш олон хүн, хуулийн байгууллагад мөнгө өгсөн гэж бидэнд хэлдэг байсан. Тэгвэл үнэхээр зоригтой бол үүнийгээ ил болгох хэрэгтэй. 

Хоёрдугаарт,  хэн хаана байна, тэнд үйлчилдэг бизнесийн төлөөлөл их байна. Х.Баттулга гэдэг хүн гараад ирэхээр Ц.Элбэгдоржийг харлуулаад Х.Баттулга хамгийн сайхан хүн гэсэн байдлаар яриа өгдөг. Үр дүнд нь М.Энхболд муухай гэнэ. Гэтэл хоёрхон жилийн өмнө М.Энхболдын бичлэгийг худалдаж авах гээд Доржзодовт хоёр сая доллар амлаад явж байсан. Ийм нам дамжсан, хор хутгадаг хүмүүсээс бид салахгүй бол болохгүй.

Магадгүй нийгэм шударга сайхан залуу гэж харах байх. Гэхдээ бодит байдал дээр намуудыг бужигнуулдаг, жагсаал цуглааныг санхүүжүүлж, цаанаасаа үр дүн авдаг бүлэглэл Монгол Улсад байна. Энэ бол улстөрчдийг санхүүжүүлэх байдлаар өөрсдөө ашиг хонжоо авч, үр дүнд нь газрын эд баялгийг өөрийн болгодог жишээ байна шүү дээ. 

Нэг жишээ хэлье. Тавхан жилийн дотор 300 сая долларын өрийг дарсан гэж хэлсэн. 300 сая долларын өрийг дарахын тулд НӨАТ 10 хувийг төлдөг, ашигт малтмалын нөөцийн төлбөрт 2.5 хувь төлдөг, тэгэхээр дор хаяж гурван тэрбум долларын орлогыг энэ хүн хийсэн байгаа юм. Гэтэл түүнтэй тооцох татварыг төлсөн үү үгүй юу гээд асуултууд ар араасаа гарна. Үүнийг хууль хяналтын байгууллагад нь үлдээнэ. Цаашид ХҮНам ийм аар саархан хэрүүл, биднийг харлуулах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцнэ, гэхдээ үүнтэй зууралдалгүй үндсэн ажилдаа орно гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэв.