Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн үндэс" төсөл зорилтот 30 өрхийн амьдралын түвшинг ахиулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина ноблийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг 2018 дөрөвдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд хэрэгжүүлэн ажиллажээ.

Тус төсөлд төвийн 6 дүүргээс тус бүр 5 гэр бүл нийт 30 гэр бүлийг сонгон хамруулсан бөгөөд төслийн үр дүнг үнэлэх хурал өнөөдөр боллоо.

"30 айл өрхийн гишүүн болгон цаашид илүү сайхан амьдрах гэсэн урам зоригтой болсон"

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Хөхөө "Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэр бүлийн тухай, хүүхдийн эрхийн тухай гэсэн үндсэн гурван хууль шинэчлэгдэн найруулагдаж батлагдаад 2 жил болж байна. Эдгээр хуулийг дагаж гарсан 30 гаруй журам байгаа. 

Гэтэл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хууль, журмын дагуу үйлчилгээг авч чадаж байгаа эсэх, хаана нь юун дээр гацаж байгаа, бид хэрхэн ажиллах ёстой гэдэгт туршилт хийх журмаар энэхүү төслийг хэрэгжүүлж 30 өрхөө сонгон авсан байгаа. 

Энэхүү 30 өрх нь Нийслэлийн хамгийн алслагдсан захын цэгүүдэд амьдардаг. Мөн эдгээр 30 гэр бүлийн 27-г нь өрх толгойлсон эмэгтэй авч явдаг. Хамгийн багадаа 3 хүүхэдтэй, хамгийн ихдээ 8 хүүхэдтэй, бүтэн өнчин 1 хүүхэд, хагас өнчин 1 хүүхэд байсан. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдгээр 30 өрхийг бид сонгож аваад нэн түрүүнд Кристина Ноблийн сангаас үзүүлдэг тэтгэмжүүдэд хамруулж эхэлсэн. Жишээ нь, нэг хүүхдэд сард 50,000 төгрөгийн хэрэглээний тусламж, хувцас хоол хүнсээр хангах, шаардлагатай тохиолдолд иж бүрэн тавилгатай гэр олгох зэрэг тусламжууд байдаг. Ингээд нийт 6 айлд иж бүрэн тавилгатай гэр олгож, анхан шатны тусламжуудыг үзүүлсэн.

Үүний дараагаар төрийн үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлсэн. Жишээ нь, эрүүл мэндийн, хөдөлмөрийн, боловсролын, хууль зүйн, сэтгэл зүйн үйлчилгээ гэх мэт. Төрөөс иргэнд үнэгүй үзүүлэх ёстой бүх үйлчилгээг үзүүлж ажилласан. Дараа нь, чадавхжуулах, сургах, мэдүүлэх сургалт хийсэн. Зургаан удаагийн сургалтаар үндсэн 4 хуулийн талаар, хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд болон өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ойлголт, семинар орсон. Мөн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад зонхилон тохиолдох өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга зүйн талаар мэдлэг олгосон.

Ингээд төслийн үр дүнд 30 өрх анхны нөхцөл байдлын үнэлгээнээс 1-2 түвшин ахисан нь харагдаж байна. Нөгөөтээгүүр, эдгээр айл өрхийн гишүүн болгон цаашид илүү сайхан амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж, дээшлэх гэсэн урам зоригтой болсон. Энэ жил бид зөвхөн зорилтот 30 өрхийг сонгон ажилласан, дараа жил яг энэ туршлага дээрээ суурилаад 380 өрхтэй ажиллах болно" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Төсөл хэрэгжсэнээр зорилтот 30 өрхийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж ажилласан байна. Үүнд:

  1. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төр төрийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулж 30 ажилтан албан хаагч оролцуулан
  2. Төслийг хэрэгжүүлэх, гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөлт хийх арга »зүйн сургалтыг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 67 ажилтан албан хаагчийг хамруулсан.
  3. Нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг 25 хорооны 50 нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд хийж 30 гэр бүлийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнийг хамруулсан.
  4. Төслийн талаарх мэдээлэл өгөх, гэр бүлүүдтэй уулзах уулзалтыг 1 удаа зохион байгуулж 30 иргэнийг хамруулсан.
  5. Хүүхдийн баяраар давхардсан тоогоор 74 хүүхдэд бэлэг өгсөн.
  6. Нэг удаагийн тусламж дэмжлэгийн 3 ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 36 өрхөд хувцас, хоол хүнс, түлээ нүүрсний 1 удаагийн тусламжийг үзүүлсэн.
  7. Эмнэлэгт хэвтсэн 2 иргэнийг эргэн, эмчилгээний зардалд 80,000 төгрөг, хүнс, хувцасны тусламж үзүүлсэн.
  8. Зусланд амрах бэлтгэлийг 30 хүүхдэд ханган өгч ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл, ор дэрний даавуу зэргийг олгосон.
  9. Иж бүрэн тавилгатай шинэ гэрийг 5 айлд олгож, хуулийн хүрээнд халамжийн үйлчилгээнд 1 айлыг хамруулан шинэ гэр нийт 6 айлд шинэ гэр, иж бүрэн тавилга олгосон.
  10. 30 айлын 35 хүүхдэд cap бүр 50,000 төгрөгийн тусламж үзүүлсэн
  11. Хүүхдийн зусланд 30 хүүхдийг үнэ төлбөргүй амраасан.
  12. 2 удаагийн үзвэр үйлчилгээнд давхардсан тоогоор 150 хүүхдийг хамруулсан.
  13. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 30 хүүхдийг хамруулсан.
  14. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд 21 эмэгтэйг хамруулан 1 хүнийг хяналтад, 1 хүнийг хагалгаанд, 1 хүүхдийг вакцинд, 5 хүнийг 7 хоногийн өдрийн эмчилгээнд хамруулсан.
  15. Төрсний гэрчилгээ 2 хүүхдэд, иргэний үнэмлэх 2 иргэнд олгосон.
  16. Түр ажлын байранд 2 иргэнийг, тогтмол ажлын байранд 1 иргэнийг зуучилсан.
  17. ЕБС-д 1 хүүхэд, цэцэрлэгт 1 хүүхэд, коллежид 3 хүүхдийг хамруулсан.
  18. 32 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас, цамц, цүнх, бичиг хэргийн бүрэн хэрэгцээний зүйлсийг гардуулсан 
  19. Сэтгэл зүйн үйлчилгээнд 2, хууль эрх зүйн үйлчилгээнд 2 иргэнийг тус тус хамруулсан.
  20. Cap бүр олгодог хүүхдийн 20,000 төгрөгийг 0-18 насны 95 хүүхэд бүгд хүүхдийн мөнгөө авч байна.
  21. Cap бүр хоол хүнсний тусламж болгон 48,000-78,000 төгрөгийн хүнсний талонд 18 айл хамрагдаж байна.
  22. Улирал тутамд олгодог өрх толгойлсон эхийн 270,000 төгрөгийн тэтгэмжид 8 эмэгтэй хамрагдаж байна.
  23. Цалинтай ээж хөтөлбөрийн 50,000 төгрөгийн үйлчилгээнд 7 ээж хамрагдаж байна.
  24. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний группийн мөнгө сарын 240,000 төгрөгийг 7 иргэн авч байна.
  25. Хүүхэд хамгааллын үйлчилгээг 2 хүүхдэд үзүүлсний 1 хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэж, 1 хүүхдийг халамж асрамжийн төвд шилжүүлсэн.
  26. Гэр бүлийн гишүүдэд 5 цуврал сургалтыг 9 сэдвийн хүрээнд зохион байгуулж давхардсан тоогоор 130 иргэнийг хамруулсан.
  27. 30 өрхийн гэрээр айлчлах ажлыг зохион байгуулж 28 өрхийн нөхцөл байдалтай танилцан хороо, дүүргийн мэргэжилтнүүдэд чиглэл, арга зүй өгсөн байна.

"Хөгжлийн үндэс" төсөл нь цаашид төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хуульд заасан гэр бүл, хүүхдэд үзүүлэх үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд тулгарч буй алдаа дутагдлыг илрүүлэх, засаж залруулахад томоохон туршлага болсон хэмээн төсөл хэрэгжүүлэгчид гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.