Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Путиний хэрэглэж байсан Зүүн Германы тагнуулын албаны үнэмлэхийг архиваас олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Зүүн Германы нууц цагдаагийн албанаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд олгож байсан үнэмлэхийг Дрезден хотын архиваас олсныг Германы Bild сонин өчигдөр мэдээлжээ.

Хошууч Владимир Путинд олгосон үнэмлэх нь 1989 оныг дуустал хүчинтэй болохыг баталсан тамга тэмдэгтэй байгаа юм.

Зүүн Германы улсыг аюулаас хамгаалах байгууллага Stasi-гийн архиваас үүнийг олсон байна.

Ийм үнэмлэхтэй хүн Stasi байгууллагын бүх байруудад саадгүй нэвтрэх эрхтэй байсан гэдгийг Дрездений архивын дарга Конрад Фелбер баталжээ. Гэхдээ тэр уг үнэмлэх нь Путинийг зүүн Германы тагнуулын байгууллагыг шууд төлөөлж байсан гэсэн үг биш, ЗХУ-ын КГБ, зүүн Германы Stasi байгууллагууд хамтран ажиллаж байсны илрэл гэж тайлбарласан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар тайлбарлахдаа “КГБ, Stasi хоёр хамтарч ажилладаг түншүүд байсан. Тиймээс бичиг баримт солилцож ажилладаг байсныг үгүйсгэхгүй” гэжээ.

Владимир Путин 1980-аад оны дундуур анх удаа КГБ-аас гадаадад ажиллах томилолт аван зүүн Германы Дрезденд ирж байсан юм. Тэр эхнэр нь байсан Людмила Путинтэй энд таван жил ажиллаж, амьдарч байжээ.

Тэдний хоёр дахь охин 1986 онд Дрезденд төрж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press