Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн станц Ангарагаас анхны сэлфигээ дэлхийд илгээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн InSight судалгааны станц арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ.

Тэгвэл тус станц дэлхий рүү анхныхаа өөрийн хөргийг илгээснийг өчигдөр буюу Мягмар гарагт олон нийтэд үзүүлжээ.

Тус зургийг нийт 11 хэсэгчилж авсан зурагнаас эвлүүлж бүтээсэн байна. Сэлфи дээр InSight станцын эх бие, багаж төхөөрөмжүүд, нарны эрчим хүч хүлээн авагч хавтангууд бүхлээрээ гарчээ.

InSight станц нь дэлхийгээс долоон сар орчим хугацаанд аялж Ангарагт хүрсэн юм. Ангараг гарагийн дотоод бүтцийг судлах зорилготой станц маань одоо ажиллахад тохиромжтой газраа судалж байна.

Газраа олсны дараа станц багаж төхөөрөмжүүдээ Ангарагийн хөрсөнд зоох өрөмдлөгийг гүйцэтгэнэ. Өрөмдлөгийн гүн 5 метр орчим байна. Америкийн үндэсний сансар судлалын хүрээлэн NASA энэ төсөлд нийт $830 саяыг зарцуулжээ. Зургаан жилийн өмнө Curiosity нэртэй өөрөө явагч станцыг хамгийн сүүлд улаан нүдэн гарагт буулгаж байв.

Ялгаатай нь InSight станц Ангарагийн хөрсөн дээр Curiosity шиг хэрэн тэнүүчлэхгүй, суурин нөхцөлд ажиллах юм.

 

Эх сурвалж: NASA