Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Доржготов: Улаанбаатарт хөрс гэж байхгүй, аль эрт байхгүй болсон

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Мод бэлтгэсэн талбайд хөрсний температур 5-10 градусаар нэмэгдэж, чийгийн ууршилт ихэссэнээр ой хээржих, хээрийн ургамал түрж ургах нөхцөл үүсдэг. Ингэж хөрсний дэд бүтэц алдагдахаар биологийн эргэлт нь алга болно. Цаашлаад систем дотор явагдах эргэлт үгүй болчихоор шим тэжээл алдагддаг. Энэ утгаараа экосистемд маш аюултай. Тиймээс ойд хэрэглэх технологио зөв сонгох хэрэгтэй” хэмээн МУИС-ийн ХШУИС-ийн багш, доктор Ц.Батчулуун "Хөрс бохирдол ба шийдэл" Үндэсний бага хурлын үеэр ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр Ойн хөрсний физик шинж чанарт мод бэлтгэх ажиллагаа хэрхэн нөлөөлж буй талаар судалсан байна. Энэхүү судалгааныхаа тухайд “Нэг талаас харвал ойн нөөцийг ашиглах нь зүйтэй. Гэхдээ ямар технологи сонгох вэ гэдэгтээ анхаарах ёстой. Тухайлбал, гинжит трактороор модыг бэлтгэн, зөөснөөр ургамлын бүрхэвч, хөрсний бүтцийг өөрчилдөг. Учир нь мод бэлтгэсэн талбайд хөрсийг ил гаргачихаар нарны гэрлийн шууд тусгал хүчтэй болж, гадаргын чийг алдагдаж байна” гэлээ. 

Тэгвэл ямар технологи байгальд учруулах хөнөөл багатай байх тухайд тэрбээр, татлагат төхөөрөмж, нисдэг тэрэг ашиглах технологийг хэрэглэх нь зөв гэсэн хариулт өгсөн. Технологи өндөр болох тусам экосистемд нөлөөлөх нь тул эдгээр технологийг Герман, Франц, Япон зэрэг орнуудад ашигладаг бол Польшид ердийн хөсгөөр мод бэлтгэдэг тухай доктор Ц.Батчулуун мөн ярьсан юм. 

Манай улсад мод бэлтгэлийн улмаас хөрс хамгийн их гэмтсэн газрууд нь Хэнтийн нуруу, Булган аймгийн Хялганат, Сэлэнгэ аймгийн Бугант, Сэлэнгэ, Ерөө орчмын ойн талбай.
 
Гэрэл зургийг mpa.mn

"Хөрс бохирдол ба шийдэл" Үндэсний бага хурлаар газрын гадаргын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай болоод үүнийг хэрхэн шийдэх талаар эрдэмтэн, судлаач нар илтгэл тавьж, санал солилцож буй юм. “Хөрс нь хамгаалах, ариутгал хийх ач холбогдолтой байгалийн элемент. Энэ талаас нь авч үзвэл Улаанбаатарт хөрс гэж байхгүй, аль эрт байхгүй болсон. Тэгэхээр газар, шорооны бохирдлын тухай асуудлыг ярих ёстой болж байгаа юм. Гаднын орнуудад хотжилтоос үүссэн бохирдлыг хатуу хучилттай зам тавьж шийдэж байна” хэмээн академич Д.Доржготов илтгэлдээ дурдлаа. 

Харин цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний тухай МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва “Хотын 200 гаруй газраас дээж аван шинжлэхэд бүгд бохирдолтой гарсан. Шалтгаан нь хотжилт, хэт төвлөрөлт болоод байгаа юм. Үүний шийдэл нь бохирдлыг эх үүсвэр дээр нь бууруулах.

Мөн бохирдохоос нь өмнө хамгаалах тухай асуудал чухал байна. Ингэхэд иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо нэн шаардлагатай. Хөрсийг бохирдуулахгүйгээр хог хаягдлаа хэрхэн ангилж ёстой вэ, гэр хорооллын бие засах газар, бохирын системийг яаж шийдэх вэ зэргийг эхлээд шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Харин дараа нь бохирдсон хөрсөө яаж аюулгүй болгох вэ гэдэг тал дээр ажиллах ёстой" гэлээ.