Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бөхбат: Жилд 4,000 хүн зам тээврийн осолд өртөж байгаагийн 1,000 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хичээцгээе уриан дор “Хичээх өдөр”-ийг өчигдөр зохион байгуулсан билээ. Тус өдрийг зохион байгуулагчид гарсан үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тээврийн цагдаагийн албаны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Тээврийн цагдаагийн албанд өдөрт зам тээврийн ослын 350-400 дуудлага ирдэг. Тэгвэл өчигдөр энэ тоо 50 хувиар буурсан. Мөн жирийн өдөр 15-20 хүн бэртдэг бол өчигдөр 4-5 дахин буурсан байна. Энэ бол Хичээх өдрийн нэг үр дүн гэж харж байна. Жолооч нар цаашид ч мөн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, нэгэндээ соёлтой хандвал энэ мэтчилэн осол, гэмтэл буурна” гэлээ. 

Сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл өдөрт зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн жилд 4,000 хүн зам тээврийн осолд өртөж байгаагийн 1,000 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг судалгааны дүн үзүүлж буй юм.  

Зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл суурингийн гаднах замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явах, зорчигчдыг буруу тээвэрлэх, замын нөхцөл байдалд тохируулахгүй явах зэрэг шалтгаан зонхилж байна. Харин хот, суурин газарт уулзвар буруу нэвтрэх, хоорондын зай баримтлахгүй байх, зорчигчдыг буруу тээвэрлэснээр осол гарах гол шалтгаан болж буй тухай цагдаагийн хурандаа Э.Бөхбат дурдлаа. 

Түүнчлэн тэрбээр, “Сүүлийн үед өөрийгөө хянах чадваргүй хүмүүс жолоо барих нь ихэссэн. Тиймээс эмнэлгийн байгууллага бидэнтэй нягт хамтын ажиллагаатай байж, эдгээр иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байна. Мөн архи, жолооч хоёр хэзээ ч нэг замаар явах боломжгүй. Архи уугаад замын хөдөлгөөнд оролцвол осол болж төгсдөг. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард сууж болохгүй” гэсэн юм.