Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болдмандал: Нэр бүхий таван гишүүнээс гадна Л.Оюунхорол гишүүнийг хөөх шийдвэр гаргасан

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж нэр бүхий таван гишүүнийг намаасаа хөөсөн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар "Хяналтын ерөнхий хороо ээлжит бусаар хуралдсан нь үнэн. Гэхдээ хэн нэг гишүүнийг намаас хөөгөөгүй" гэсэн юм.

Харин өчигдрийн хуралдааны талаар тус хорооны гишүүн Х.Болдмандалаас тодруулснаа хүргэж байна.

Тэрбээр "МАН шинэ үеийн түүхэнд гишүүдээ хоморголон намаас хөөх асуудал анх удаа яригдаж байна. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Намаас олноор нь хөөх асуудал байж болно. Энэ нь намын дүрмийг ноцтой зөрчсөн, намын хамт олны эрх ашгийг хөсөрдүүлсэн тохиолдолд намаас гарсанд тооцох тухай асуудлыг Хяналтын ерөнхий хороо ярьж болно.

Гэхдээ манай намын дүрэмд ХЕХ санаачилж намаас хөөж гарсанд тооцох дүрмийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүнийг бүртгэсэн бүртгэлтэй намын байгууллагынх нь эрх мэдлийн асуудал. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийг тав зургаагаар нь буюу хоттой хониноосоо шилж байгаа маягтай сошиал дээр байгаа мэдээг хэвлэж авч тавьж байгаад энийг, энийг өшөө хэн байж болох вэ гэдэг асуудал ярина гэдэг бол ХЕХ-нд байж болохгүй зүйл. ХЕХ бол МАН-ын дүрмийг сахин биелүүлэх дээд хүчин байгууллага. Мөн МАН-д эв эеийг сахиулах үндсэн үүрэгтэй байгууллага. 

Эв эеийг сахиулах үндсэн үүрэгтэй байгууллага маань, улстөрийн их бужигнаан, нам дотроо үл ойлголцсон, туйлд хуваагдсан байгаа энэ үед гал дээр тос нэмж байгаатай адил нэг талын гишүүдийг хоморголон хөөх тухай асуудал ярьж байна гэдэг нь маш хариуцлагагүй үйлдэл болж байна. Нэр бүхий таван гишүүнээс гадна Д.Оюунхорол гишүүнийг мөн ярьсан" гэлээ.