Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япон улс анх удаа нисэх онгоц тээвэрлэгчтэй болох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япон улс анх удаагаа нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй болох гэж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Одоо Япон улс хоёр ширхэг Изумо ангиллын нисдэг тэрэг тээвэрлэгчтэй. Харин шинэ хөлөгтэй болсноор байлдааны нисэх онгоцнуудыг далай тэнгист тээвэрлэх боломжтой болно.

Ирэх сард нийтлэгдэх гэж байгаа Японы батлан хамгаалахын шинэ номлолд нисэх онгоц тээвэрлэгчийг тусгасан байна. Мөн энэ долоо хоногт Никкей сонин тус улсын засгийн газар АНУ-аас 100 ширхэг F-35 сөнөөгч онгоцыг $8.8 тэрбум орчмоор худалдан авах гэж байгааг мэдээлжээ.

Одоо Япон улс 42 ширхэг ийм нисэх онгоцтой юм.

Өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байв.

Дайны дараа шинэчилсэн үндсэн хуулиндаа Япон улс бусдын эсрэг дайн байлдааны ажиллагаа явуулахгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалттай зэвсэгт хүчинтэй байна гэж амласан байдаг.

Энэ шалтгаанаар тус улсын засгийн газар нисэх онгоц тээвэрлэгчтэй болох саналаас өмнө нь татгалзсаар ирсэн юм. 

Одоогийн нисдэг тэрэг тээвэрлэгчид нь 248 метр урттай, тус бүр 14 хүртэл тооны нисдэг тэрэг багтаах чадвартай. Шинэ тээвэрлэгч нь байлдааны нисэх онгоц тээх зориулалттайгаараа ялгаатай. Хятадын нөлөө Номхон далайн бүс нутагт нэмэгдэж байгаа энэ үед Япон улс батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлэх онцгой шаардлагатай болсноор үүнийгээ зөвтгөн тайлбарлаж байна.

Хоёр улс зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку арлыг булаацалддаг. Мөн Японы баруун өмнөд арлуудад Хятадын тэнгисийн флот хүрэх чадвартай болсон нь зэвсэглэлээ сайжруулахад хүргэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
16 | 4 | 3 цаг