Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын эрүүл мэндийн чанар дэлхийн 149 орноос 102 дугаарт үнэлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Лондонд төвтэй Легатум судалгааны хүрээлэн дэлхийн улс орнуудын хөгжлийн индексийг 2018 оны байдлаар гаргаснаа өчигдөр зарлажээ.

“The Legatum Prosperity Index 2018” тайланд дэлхийн 149 орныг эдийн засгийн чанар, бизнесийн орчин, засаглал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр үнэлж жагсаасан байна.

Монгол улс өнгөрсөн оны жагсаалтад 68 дугаарт жагсаж байсан бол энэ жил 75 дугаарт болж хойшилжээ. Монгол улсын үзүүлэлтүүдийг жагсаавал:

  • Эдийн засгийн чанар 81
  • Бизнесийн орчин 78
  • Засаглал 69
  • Хувь хүний эрх чөлөө 84
  • Нийгмийн капитал 37
  • Аюулгүй байдал 101
  • Боловсрол 62
  • Эрүүл мэнд 102
  • Байгаль орчин 74

Хамгийн муу үнэлэгдсэн үзүүлэлт нь эрүүл мэнд бол хамгийн сайн үнэлгээтэй нь нийгмийн капитал байжээ.

Нийгмийн капиталд хувь хүн ба нийгмийн харилцан хамаарал, иргэний оролцоог харуулдаг гэнэ.

Харин эрүүл мэндэд хүн амын эрүүл мэнд, эрүүлийг хамгаалах систем, өвчлөлийн хэмжээгээр үнэлдэг ажээ.

Монгол улс эрүүл мэндийн үзүүлэлтээр 102 дугаарт жагссан нь хамгийн муу үзүүлэлт болсон байна. Манай ард жагссан орнууд нь голдуу Ази, Африк, Латин Америкийн буурай хөгжилтэй, дайн самуунтай улсууд байгаа юм.

Хуучин социалист орнуудаас зөвхөн Молдов (104), Украин (137) манай улсаас муу үнэлэгджээ. Бидэнтэй ойр хөрш улсуудаас ОХУ (90), Хятад (54), Казахстан (68) дугаарт тус тус үнэлэгдсэн байна.

Хамгийн эрүүл хүн амтай 10 оронд:

  1. Сингапур
  2. Люксембург
  3. Япон
  4. Швейцар
  5. Катар
  6. Австри
  7. Швед
  8. Норвеги
  9. Хонг Конг
  10. Арабын Нэгдсэн Эмират

Хүн амын эрүүл мэнд хамгийн сул дорой 10 оронд:

  1. Төв Африкийн БНУ
  2. Чад
  3. Гвиней
  4. Мадагаскар
  5. Бенин
  6. Конгын Ардчилсан БНУ
  7. Нигери
  8. Сьерра Леоне
  9. Нигер
  10. Уганда тус тус оржээ.

Судалгааны бүрэн тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Legatum Institute