Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 2-ноос хүйтэрч, зарим газраар шөнөдөө -43 хэмд хүрнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/274769316572661/

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна.

2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. 

Маргааш, нөгөөдөртөө дулаахан байна. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүйтэрнэ. 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна.

2-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарна.

Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна" гэв.

Шаардлага гарвал орон нутгийн авто замуудад хязгаарлалт хийгдэнэ
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-ын мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн "Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллийг үндэслэн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэх, зам даваа хаагдах эрсдлүүд үүсдэгтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг ард түмнээсээ хүсэж байна.

Салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, тээврийн хэрэгсэл саатах эрсдэл үүсдэг тул орон нутаг дахь мэдээллийн хэрэгслээр дамжуулж сэрэмжлүүлж байгаа.

Мөн үүрэн телефоны дөрвөн оператороор дамжуулж иргэдэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мессэжийг хүргүүлж байгаа. 

Цас орж, цасан шуурга шуурах үе нь амралтын өдрийг дайрч байгаа тул боловсролын байгууллага, сумын Засаг дарга нарт тусгайлан үүрэг өгч ажиллаж байна. 

Мөн салхи шуурганы үеэр халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, шаардлага гарвал орон нутгийн автозамуудад хязгаарлалт хийгдэнэ.

Аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв гаргаж ирэхийг үүрэг чиглэл болгон хүргүүлсэн байгаа" гэлээ.